“Diamond Princess” хөлөг коронавирусийн хамгийн том тархалтын төв болоод байна

“Diamond Princess” хөлөг коронавирусийн хамгийн том тархалтын төв болоод байна

Йокохамагийн боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс шинэ коронавирусийн халдвартай 99 хүн нэмж илэрсэн тухай Япон улсын эрүүл мэндийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Ингэснээр тус хөлгийн зорчигчид, ажилчдын дундаас илэрсэн халдварын тоо нийтдээ 454 хүрч, БНХАУ-ын  гадна орших хамгийн том тархалтын төв болоод байна.

Нийт 3,700 орчим хүнтэй хөлөг дээр хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоосон юм. Өнгөрсөн хугацаанд нийт 1,723 хүнээс коронавирусийн шинжилгээ аваад байна. Саяхан АНУ тус хөлөг дээр байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлж авсан бол Австрали, Канад, Итали, Хонг Конгийн эрх баригчид ижил арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Даваа гарагийн өглөө эрт АНУ-ын тусгай үүргийн хоёр нисэх онгоц “Diamond Princess” хөлөг дээр байсан 340 иргэнээ нүүлгэн шилжүүлжээ. Тэдгээрийн дотроос 14 хүн халдвартай нь тогтоогдсон тухай сүүлд АНУ-ын албаныхан мэдээлсэн юм. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт дахин 14 хоногийн хугацаатай тусгаарлах ажээ.

Хонконгийн 80 настай иргэн энэхүү хөлгөөр зорчиж, нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буусны дараа түүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс уг онгоцыг Японд ирэхэд нь хөл хорионд оруулж, зорчигчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн юм. Хөл хорионы дэглэмийн хугацаа маргааш дуусна.

Эх сурвалж: NHK