Цай Вэньруй: Та бүхний гаргаж буй сэтгэл биднийг улам зоригжуулж байна

Цай Вэньруй: Та бүхний гаргаж буй сэтгэл биднийг улам зоригжуулж байна

Батлан хамгаалах яам, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ, БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчдийн холбооноос БНХАУ-ын Элчин сайдын яаманд 333 мянган юань хандивлах арга хэмжээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.

Тус мөнгийг коронавирусийн голомтод ажиллаж байгаа тус улсын Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд зориулах ажээ.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй "Монголын цэргийн нэгдсэн холбоо,  БНХАУ-д сургууль төгссөн төгсөгчид мөн Цэргийн төв эмнэлгийн ажилчдаас БНХАУ-ын ард түмэнд бодит тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ цаг үед Монголын ард түмэн ялангуяа ард түмнийхээ аюулгүйн баталгаа болсон цэргийн бие бүрэлдэхүүнээс манай улсын цэргийн бүрэлдэхүүнд ихээхэн сэтгэлийн тус дэм үзүүлж байгааг, харамгүй сэтгэл гаргаж байгааг харах сайхан байна.

Энэ нь хоёр орны найрсаг харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбар өндөр түвшинд хүрч байгааг харуулж байна. Бидэнд үзүүлж байгаа энэхүү тусламжийг миний бие БНХАУ-ын ард түмэнд, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд дамжуулах болно. Тэдний өмнөөс болон хувиасаа Монголын ард түмэнд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээс талархаж байна" гэлээ.

Харин Монгол Улсын БХЯ  “энэ хэцүү цаг үед тус өвчний голомтон дээр цаг наргүй ажиллан, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй мэргэжил нэгт нөхдөөрөө бахархаж байна. Та бүхэн бол эгэл цагийн баатрууд шүү” хэмээсэн юм.