Арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн хилийн боомтоор гаргахыг завдсан Гаалийн байгууллагын албан тушаалтанд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.В нь бусадтай үгсэн хуйвалдаж арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн гаргахаар Дорнод аймаг дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.