Энэ бямба гарагт Бүсийн хөгжлийн үндэсний чуулган хуралдана

Энэ бямба гарагт Бүсийн хөгжлийн үндэсний чуулган хуралдана

Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг энэ сарын 26-нд “UG Арена”-д зохион байгуулахаар болжээ.

Чуулганы үеэр долоон салбар хуралдаан хуралдан, бүсүүдийн үзэсгэлэн гаргаж, бүсүүдийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг танилцуулах аж. Тодруулбал, хангайн бүсийг монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн, нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгоно. Баруун бүсийг Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгоно.

Хойд бүсийг Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгоно. Төвийг бүсийг тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбон, хөдөө аж ахуй, байгалийн нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгоно. Зүүн бүсийг Хан Хэнтийн нуруу, Дорнодын байгалийн экосистем, Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгоно. Говийн бүсийг уул уурхай, говийн байгаль, түүх, соёлын өв, паленталогийн нөөцөд түшиглэн, аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс болгоно. Улаанбаатарын бүсийг хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчны зохистой бүтэцтэй, 20 минутын үйлчилгээний хүртээмжтэй төвүүдтэй болгож, олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв болгох аж.

Б.Наранчимэг