Өнгөрөгч есдүгээр сарын 3 /2024.09.03/-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Үүний өмнөхөн Олон Улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс Монгол Улс нь "Ромын дүрэмд нэгдсэн улс болохынхоо хувьд украин хүүхдүүдийг орос руу хууль бусаар албадан гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах ёстой" гэсэн мэдэгдлийг хүргүүлж байв.
-МОНГОЛ УЛС В.ПУТИНЫГ БАРИВЧИЛЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ ТУЛ ГААГИЙН ШҮҮХИЙН ОРОЛЦОГЧ ОРНУУДЫН ЧУУЛГАНААР МАНАЙ УЛСЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ-
Учир нь Гаагийн шүүхээс 2023 оны гуравдугаар сар /2023.03/-д ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Ромын дүрэмд нэгдэн орсон улсад В.Путины айлчилсан анхны тохиолдол нь Монгол Улс байсан юм. Дүрэм ёсоор Гаагийн шүүхийн гишүүн 124 улс В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн тохиолдолд баривчлах ёстой байв.
Улмаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж, манай улс ч энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд найрсагаар хүлээн авсан.
Харин Украины талаас "Ромын дүрэмд гарын үсэг зурсан Монгол Улс В.Путиныг тус улсад байхад нь Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тогтоолыг биелүүлэхээс татгалзсанд Украины тал гүнээ харамсаж байна. Мөн Украины Гадаад хэргийн яам Монголын талын шийдвэрийг "хоёр орны харилцааг хөгжүүлэх цаашдын бодлого"-доо авч үзэхээ амлаж байна” гэсэн мэдэгдлийг гаргасан. Түүнчлэн уржигдар буюу аравдугаар сарын 24 /2024.10.24/-ний өдөр Гаагийн шүүхээс Монгол Улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй тул оролцогч орнуудын Ассамблей /чуулган/-д уг асуудлыг шийдвэрлэхээр шилжүүллээ гэж мэдэгдсэн байна.
-ГААГИЙН ШҮҮХЭД НЭГ МОНГОЛ ШҮҮГЧ БАЙДАГ БӨГӨӨД МАНАЙ УЛС ГААГИЙН ШҮҮХИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ТООНД БАГТДАГ-
Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүх буюу Гаагийн шүүх нь олон улсын геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргээр хувь хүнийг яллах эрх бүхий анхны бөгөөд цор ганц байнгын ажиллагаатай олон улсын шүүх юм. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын хувьд Ромын Дүрмийг 2002 онд соёрхон баталсан бөгөөд олон улсын эрүүгийн шүүхийг /ОУЭШ/ үүсгэн байгуулагч 60 улсын нэгд багтдаг.
Мөн Гаагийн шүүхийн үндсэн шүүгч нар гэж байх бөгөөд өнгөрсөн жил анх удаа монгол хүн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон нь Д.Эрдэнэбалсүрэн шүүгч юм.
Түүнчлэн Орос, Израил, АНУ, Судан зэрэг улсууд Ромын дүрэмд нэгдэхээр гарын үсэг зурсан ч Гаагийн шүүхэд нэгдэхээс татгалзсан байдаг бол Украин Ромын дүрэмд саяхан буюу 2024 оны наймдугаар сарын 24 /2024.08.24/-нд нэгдэж, 125 дахь гишүүн улс болж Гаагийн шүүхэд нэгджээ. Харин оролцогч орнуудын Ассамблей нь Гаагийн шүүхийн хяналтын дээд байгууллага бөгөөд оролцогч бүх улсаас сонгогдсон нэг төлөөлөгчөөс бүрддэг. Ассамблей нь жилд нэг удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулдаг бөгөөд энэ жилийн чуулган арванхоёрдугаар сар /2024.12/-д болж, манай улсын талаар хэлэлцэх аж.
-ӨМНӨ НЬ МӨН СУДАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРИВЧЛАХ ГААГИЙН ШҮҮХИЙН ТОГТООЛ ГАРСАН Ч РОМЫН ДҮРЭМД НЭГДСЭН ОРОНД АЙЛЧИЛЖ БАЙЖЭЭ-
Урьд нь Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах тушаалыг гишүүн орон нь биелүүлээгүй тохиолдол мөн гарч байжээ. Тодруулбал, Суданы Ерөнхийлөгч асан Омар Баширыг 2008 онд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны эсрэг гэмт хэрэг, хоморголон устгасан хэргээр Гаагийн шүүх баривчлах тушаал гаргасан бөгөөд энэ нь аливаа нэг улсын төрийн тэргүүнийг баривчлах тушаал гаргасан анхны тохиолдол байж.
Улмаар 2015 онд Суданы тухайн үеийн Ерөнхийлөгч Омар Башир тус шүүхийн хүчинтэй тушаалыг үл харгалзан Ромын дүрмийн гишүүн орон болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад айлчилсан байна. Тухайн үед Монгол Улсын адилаар Суданы Ерөнхийлөгчийг баривчлаагүй бөгөөд Гаагийн шүүхээс Өмнөд Африкт ямар ч хариуцлага хүлээлгэж байгаагүй аж.
Харин Монгол Улс В.Путиныг баривчлаагүй гэх асуудалд Украины тал нэлээд шахалт үзүүлж байгаа бөгөөд Монгол Улс Гаагийн шүүхийн тогтоолыг биелүүлэхээс татгалзсан асуудалд анхаарах "ажлын хэсэг" хүртэл байгуулжээ. Мөн ирэх арванхоёрдугаар сар /2024.12/-д болох оролцогч орнуудын Ассамблейн чуулганаар манай асуудлыг авч хэлэлцэхдээ дээр дурдсан хэргийн адилаар томоохон шийдвэр гаргалгүй өнгөрүүлэх боломжтой. Харин манайхаас сонгогдсон шүүгч /Д.Эрдэнэбалсүрэн/-д шахалт үзүүлж, улмаар Гаагийн шүүхийн үндсэн шүүгчийнх нь ажлаас нь түдгэлзүүлж болзошгүй.
Мөн Украины холбоотон орнууд гэх барууны орнуудаас манай улсад зарим шахалт үзүүлж магадгүй юм. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчилсны дараахан Германтай допломат харицлаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан манай улсын Их хурлын гишүүд тус улсад айлчлах байсан ч үүнийг Германы тал цуцалсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.