Дорнод аймгийн Матад сум дахь "Петро Матад" компанийн газрын тосны “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” ордыг олборлолтод шилжүүлж, өнгөрөгч баасан гаригт буюу /2024.10.25/ албан ёсоор нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр нарын яам, агентлагийн удирдлагууд оролцлоо.
"Цэн тогоруу-1" ордын газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 2021 онд 1.15 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 137.9 мянган тонноор ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. "Петро Матад" ХХК нь тус ордоос 2024 оны туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлохоор төлөвлөж, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлуудыг хийж дуусгаад байна.
Б.Наранчимэг