"Монгол - Францын бизнес уулзалт" болж, ХХБ болон Францын хөрөнгө оруулалтын банк хооронд санамж бичиг байгууллаа

"Монгол - Францын бизнес уулзалт" болж, ХХБ болон Францын хөрөнгө оруулалтын банк хооронд санамж бичиг байгууллаа

Франц улсын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн “MEDEF” (Mouvement des Entreprises de France)-ийн дэргэд байгуулсан Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, “Орано” группийн ТУЗ-ийн дарга Клод Имован тэргүүтэй Франц улсын бизнесийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирээд байна.

Францын бизнесийн төлөөлөл өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Францын бизнес уулзалтын гол зочид байв. Бизнес уулзалт нь өнгөрсөн жил болсон хоёр орны төрийн тэргүүн харилцан айлчлалын үр дүнд болж буйг зохион байгуулагч нар тодотголоо. Айлчлалуудын үр дүнд хоёр тал олон тооны гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Хамгийн сүүлд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр Монголын бизнесийн төлөөлөл 80 хүн оролцсон хоёр орны бизнес уулзалт болсон. Тэгвэл энэ удаа хариу уулзалт болж, Франц улсаас 21 компанийн 30 гаруй төлөөлөл Монголд хүрэлцэн ирээд байна.

Тус улсаас банк, санхүү, автомашин үйлдвэрлэл, төмөр замын машин, механизм, барилга, катеринг үйлчилгээ, цөмийн эрчим хүч, дүүжин тээвэр, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн үржүүлэг, фермерийн эрчимжсэн аж ахуй зэрэг салбар салбарын төлөөлөл иржээ. Мөн дрон, сансрын хиймэл дагуу, хөөргөх төхөөрөмж, агаарын нисэх хүчний төлөөлөл ирээд байна. Тэд өнөөдөр Монголын компани, ААН-үүдийн төлөөлөлтэй нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсаас Худалдаа, хөгжлийн банк Францын хөрөнгө оруулалт, санхүүгийн, төрийн өмчит “BPIFRANCE” байгууллагатай хамтан ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны талаар ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ, “BPIFRANCE” нь Францын хөрөнгө оруулалтын том банк. Бид энэ банктай холбоо тогтоох гэж нэлээд олон жилийн хөдөлмөр зарцуулсан. Эцэст нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж чадлаа. Ер нь бол манай банкны гадаад харилцаатай 300 гаруй түншийн маань 30 гаруй хувь нь Европын холбоонд байдаг. Тэр дотроо Франц улс тун бага хувийг эзэлж байсан учраас энэ нь стратегийн хувьд чухал хамтын ажиллагаа болох байх гэж найдаж байна” гэсэн юм.