Хятад, Оросын харилцаа түүхэн дээд түвшинд хүрсэн гэж мэдэгдлээ

Хятад, Оросын харилцаа түүхэн дээд түвшинд хүрсэн гэж мэдэгдлээ

БНХАУ-ын дарга Ши Жинпин зургаадугаар сарын тавны 12.00 /Улаанбаатарын цагаар 17,00 цагт/ Москвад газардан, энэ сарын 7-ныг хүртэл хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Хятадын даргын нисэх онгоц Внуково-2 онгоцны буудалд газардсан бөгөөд түүнийг угтан хүндэт харуул жагсан, хоёр орны төрийн дуулал эгшиглэж, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа.

Москвад газардсныхаа дараа тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзаж, хоёр талын харилцаа, олон улсын сэдвээр ярилцсан байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ уулзалтын үеэр талууд эрчим хүч, онгоц болон нисдэг тэрэгний хамтарсан төсөл, сансар, дэд бүтцийн талаар ярилцсны дээр Евразиийн эдийн засгийн холбоог Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгатай уялдуулах талаар мөн хэлэлцжээ.

Түүнчлэн дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлууд болох Сири, Ираны асуудлууд түүнчлэн Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

Ийнхүү хэлэлцээр хийсний дараа Ши Жинпин, Владимир Путин нар хэвлэлийн бага хурал хийлгэн, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Оросын тэргүүн дэлхийн тавцан дахь олон асуудлаар баримталж буй хоёр орны байр суурь олон талаар нийцэж байгааг онцоллоо.

Мөн хэлэлцээрээр Орос, Хятадын стратегийн түншлэлийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Түүнчлэн талууд “ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэл өндөр түвшинд хүрсэн” гэдгийг онцолжээ.

Харин БНХАУ-ын дарга Ши Жинпин Орос, Хятадын харилцаа цаг хугацааны сорилуудыг даван, өдгөө түүхэндээ байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын дарга Ши Жинпин энэ сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийх юм. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хүндэт зочноор оролцоно.