Сүүлийн жилүүдэд Үндэсний шигшээ багийн тамирчид болон бөхчүүд допингийн асуудалд нэр холбогдож, эрхээ хасуулах тохиолдол цөөнгүй гарах болоод байгаа.
Тухайлбал:
- "Парис 2024" паралимпын наадмын -90кг-ын жинд зодоглох байсан Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баттөгс,
- "Ханжоу 2022" наадмаас алтан медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг,
- Цэргийн арслан Г.Жамбалдорж,
- Аймгийн арслан Г.Хишигбат,
- Аймгийн арслан М.Буяндэлгэр,
- Улсын харцага Ц.Мөнхбаяр,
- Улсын арслан М.Бадарч,
- Улсын харцага Т.Бэгзсүрэн,
- Улсын Арслан Э.Оюунболд гэх мэт нэлээд олон тамирчин допингийн асуудалд нэр холбогдсон байдаг.
Энэ ч үүднээс Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас Үндэсний шигээ багийн тамирчид болон бөхчүүдээс явцын шинжилгээг тогтмол авдаг болоод байгаа. Тэгвэл энэхүү явцын шинжилгээний үед Үндэсний шигээ багийн тамирчнаас допинг илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, явцын шинжилгээний үед Үндэсний шигшээ багийн гишүүн, "Алдар" спорт хорооны тамирчнаас допинг илэрсэн байна.
Энэ талаар тухайн тамирчинд мэдэгдээд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн тамирчин нь саяхан Олон улсын тэмцээнд оролцохоор явах гэж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Ташрамд өгүүлэхэд, Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болсон. Бид хэрэг явдлыг эргэн мэдээлэх болно.