Өнгөрсөн баасан гарагт /2024.11.25/ Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барьсан. Нийслэлийн төсөвт 2025 онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 85.9 хувь буюу 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор үлдэх 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
-АВТОМАШИНУУД НЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ӨДӨР ТУТАМ ОЛОН УДААГИЙН ДАВТАМЖТАЙГААР ОРОЛЦОЖ ТҮГЖРЭЛ, ЭЛЭГДЭЛ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛ УЧРУУЛЖ БАЙНА ГЭЖ ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ҮНДЭСЛЭЛДЭЭ БИЧЖЭЭ-
Үүний тодорхой хувийг Хөрөнгийн албан татварын орлогоос бүрдүүлнэ. Ингэхдээ Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоож үүнээсээ орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
2025 оны Нийслэлийн төсөвт энэ талаар “Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль нь татварын анхны багц хуулийн нэг бөгөөд 1992 онд батлагдсанаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оролгүй 33 дахь жилдээ мөрдөн ажиллаж байна. Албан татварын хувь хэмжээг тогтоох дээд хязгаарыг УИХ-аас 2021 оны 7 дугаар сард 2-4 дахин нэмэгдүүлэн тогтоосон хэдий ч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 2010 оноос хойш тогтвортой мөрдөн ажилласан. Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заагдсан хязгаарын хүрээнд 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэах тогтоосноор нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, авто машины тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрий хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна. Эдгээр автомашинууд нь 2013 онд тогтоосон төлбөрийн дагуу Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам олон удаагийн давтамжтайгаар оролцож авто замын зурваст газарт түгжрэл, элэгдэл, эвдрэл гэмтэл учруулж буй боловч моторын багтаамж, хүчин чадал, даац, овор хэмжээнээсээ хамаарч авто зам ашигласныхаа төлбөрт жилдээ 20-70 мянган төгрөгийн хураамжийг төлж ирсэн” гэж бичжээ.
Улмаар Хотын дарга Х.Нямбаатар эдгээр татварын орлогыг нэмэгдүүлэх тогтоолын төслийг боловсруулж, энэ сарын 20-ны өдөр өргөн барьж, НИТХ-ээр хэлэлцүүлэн батлуулж, тогтоол гаргуулжээ. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдийг ерөөс машин унуулахгүй байх бодлогыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, нийслэлд зорчих автомашины тоог 750 мянгад барьж, шинээр дугаар олгохгүй байгаа. Мөн хөдөө, орон нутгийн автотээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шалган бүртгэх товчоогоор нэвтэрснээс хойш 48 цагийн хугацаанд 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаагаар нийслэл хотод байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцохоор болсон. Харин одоо тэрбээр хөдөлгөөнд оролцдог бүх машинаас татвар нэмэгдүүлж авах нь.
-100 ТОННООС ДЭЭШ АВТОМАШИНТАЙ ХҮМҮҮС 1.4 САЯ ТӨГРӨГ ТӨЛДӨГ БОЛНО-
Тухайлбал, Приүс маркийн автомашины хувьд жилд 36 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 108 мянган төгрөг, Lexus 570 маркийн автомашины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 564.3 мянган төгрөг, Хюндай портер автомашины хувьд жилд 30 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75 мянган төгрөг, Ланд крүйсер 200 автомашины хувьд 151.8 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 455.4 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд 0 хувийн албан татвар төлөхөөр байна. Мөн 100 тонноос дээш даацтай автомашин 1.4 сая төгрөгийг төлөх нь.
Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор хамгийн бага оврын буюу 2000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын машины хувьд өдөрт 275, сард 8330, жилд 100.000 төгрөг, дунд оврын буюу 2,001-3,000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын автомашины хувьд өдөрт 416 төгрөг, сард 12500 төгрөг, жилд 150.000 төгрөг, том оврын буюу 4001 см3-ээс дээш моторын багтаамжтай суудлын тэрэгний хувьд өдөрт 694 төгрөг, сард 20.833 төгрөг, жилд 250.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр тооцооллыг гаргажээ. Ингэж нэмэгдүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлөхгүй гэдэг судалгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан байна.
Илүү дэлгэрэнгүйг доорх баримтаас харна уу.