УОК-ЫН ШИЙДВЭР: Эрхүү, Улаан-Үдийн чиглэлийн нислэгийг энэ сарын 11-ны өдрийг хүртэл зогсоолоо

УОК-ЫН ШИЙДВЭР: Эрхүү, Улаан-Үдийн чиглэлийн нислэгийг энэ сарын 11-ны өдрийг хүртэл зогсоолоо

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргалаа.  

ТОДРУУЛБАЛ, 

1. Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ

2. Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал

3. Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ

4. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

Энэ дундаа Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08.00 цагт нээх байсныг наашуулж өнөөдөр нээх асуудлыг хэлэлцсэн ч Улсын онцгой комиссын гишүүдийн олонх нь дэмжээгүй бөгөөд энэ сарын 03-ны 06.00 цагт нээхээр болсон юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг энэ сарын 03-ны өдрийн 06.00 цагт нээхээр шийдвэрлэлээ. 

Ингэснээр анхаарлаа сулруулж байна гэж ойлгож болохгүй. Хот руу нэвтрэх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шалгалт үргэлжилнэ. Иргэд шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байхын анхааруулж байна. Иргэдийн мэргэжлийн байгууллагын ажилчдын тавьсан шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Шаардлагатай тохиолдолд тусгаарлагдана. 

Нүүрс, газрын тосны экспортыг  3 сарын 15-ны өдөр эхлүүлэх УОК-ын шийдвэр гарсан. Харин бэлтгэл ажил хангагдвал заавал энэ сарын 15-ны өдрийг хүргэлгүй наана нь эхлүүлж болно гэж ярилцлаа. Эрээн-Зам-Үүдийн боомтоор төмөр замаар нүүрсийг экспортлох бэлтгэл ажлыг хангаж байна. 

Мөн энэ сарын 11-ны өдрийг хүртэл Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг цуцалж байна. 

Ингэснээр агаарын зам, төмөр зам, автозамаар Монгол улсын иргэд нэвтрэх эрхтэй. Харин Итали, Япон, |Солонгос, Иранаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин Монгол улсын иргэд эрүүл мэндээ хянуулна, 14 хоног тусгаарлалтад орно" гэлээ.

Тусгаарлах байрыг нэмэгдүүлж, 250 орыг нэмэгдүүлэхээр ажиллахаар болжээ. Ард иргэдийн хувьд тусгаарлах байрны дүрэм, журмыг зөрчиж байгаа үзэгдэл бий. Тиймээс зарим асуудалд уян, хатан хандахыг уриалж байна гэж Ц.Ганзориг мэдэгдлээ.