СУРВАЛЖИЛГА: Гурилын импортын татварыг тэглэсэн ч монголчууд орос гурилыг хэрэглэхгүй, лангуун дээрээс ч зарагдахгүй байгаа аж

СУРВАЛЖИЛГА: Гурилын импортын татварыг тэглэсэн ч монголчууд орос гурилыг хэрэглэхгүй, лангуун дээрээс ч зарагдахгүй байгаа аж

Засгийн газраас энэ оны гуравдугаар сар /2024.03/-д Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан билээ. Ингэснээр малын тэжээл, улаанбуудай, гурил зэрэг 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Гэтэл энэхүү шийдвэрээс болж дотоодын улаанбуудайн тариалалт энэ онд  20 хувиар буурч, дотоодын гурилын үйлдвэрлэл тодорхой хэмжээнд багасахад хүрээд байгаа. Тэгвэл дээрх шийдвэр гарснаас хойш өнөөдөр зах зээл дээр орос гурилын эрэлт, нийлүүлэлт ямар байгаа талаар бид "Дэнжийн мянга" болон "Бөмбөгөр" худалдааны төвүүдээс бид өчигдөр /2024.12.12/ сурвалжлага бэлтгэсэн юм.

ВИДЕО:

"Дэнжийн мянга" зах дээр гурил будаа бөөний үнээр зардаг 10 гаруй контейнэр байдгаас нэг л контейнэрт “Алейка” болон “Мука” гэсэн орос гурилыг зарж байлаа. Тус агуулахын худалдагч ярихдаа “Орос гурилын үнэ хэдий хямд ч гэлээ хүмүүс бараг авдаггүй. Хүмүүс нэг авч сурсан гурилаа дахин дахин авах хандлагатай байдаг. Тэгээд ч орос гурил 50 килограммаар буюу том савлагаатай болохоор иргэд тэр бүр авдаггүй. Голдуу дотоодын гурилаа авч байна” гэсэн юм.

Харин Содон бөмбөгөр худалдааны төвд лангуун дээр орос гурил огт зарагдахгүй байсан юм. Импортын гурилын татварыг чөлөөлсөн байхад яагаад орос гурил худалдахгүй байгаа талаар борлуулагч нараас тодруулахад,

“Орос гурилыг бид авч зарж үзсэн. Гэхдээ хэрэглэгчид нэг удаа аваад ахиж авахгүй байсан. орос гурил хөөлт муу, хөхөрдөг болохоор нарийн боовны цех болон нийтийн хоолны газрууд авдаггүй. Оросын дээд гурил монголын нэгдүгээр гурилтай тэнцэх хэмжээний байдаг.

Импортын гурилыг хувиараа хүнс импортлогчид оруулж ирдэг. Тийм болохоор импортын гурил дотоодын гурилаас эрүүл, чанартай гэж баталгаа өгөх аргагүй байна. Гадаадад газар тариаландаа химийн уринш хийдэг байхыг ч үгүйсгэхгүй. Тийм учраас бид зарахаа больсон. Тэгээд ч иргэдийн хандлага сэтгэлгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг илүүд үздэг болсон шүү дээ” гэв. Нэг үгээр хэлэхэд, Засгийн газар импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлсөн ч өнөөдөр орос гурил монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, иргэд ч огт хэрэглэхгүй байгаа ажээ.   




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө