УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.13/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга"-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
ВИДЕО:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Наймдугаар сарын 1-нээс өмнө улс төрийн намууд санхүүжилтээ авах тухай хүсэлтээ өгсөн байх ёстой. Хуульд заасны дагуу хүсэлтээ өгсөн хэдэн нам байгаа вэ. Мөн намууд дотроос хугацаандаа багтаж дүрмээ шинэчилсэн нь байна уу. Хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дортор гээд дээрээс нь уг өөрчлөлтийг УДШ-д 30 хоногийн дотор хүргүүлнэ гэхээр нэгдүгээр сарын 30-н гэдэг хугацаа орж ирж байна уу. Улс төрийн нам бол ардчиллын суурь институци. Маш хариуцлагатай байж гэмээн иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ, үүнд асар их чухал үр нөлөөтэй. Тийм учраас хугацааг хойшлуулах санал орж ирэхгүй байх гэж найдаж байна. Хамгийн гол өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмж байгаа. Энэ ажлаа хийнэ гэж найдаж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Өнөөдөр бид дагаж мөрдөх журмын хуульд заасан таван зүйлийн хоёрдугаар зүйл энэ зүйлд зөвхөн дүрмийг шинэчлэн УДШ өгч, бүртгүүлэх хугацаан дээрх сунгалтыг ярьж байгаа юм. Түүнээс бусап санхүүжилт, ил тод байлгахтай холбоотой бүх заалт хэрэгжээд эхэлсэн. УДШ-д долоон улс төрийн нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Дүрэм нь шинэ хуульд нийцэж байгаа эсэх дээр эцсийн дүгнэлт гараагүй. Шинэ хуулиар санхүүжилт, гишүүнчлэл, жендертэй холбоотой 40 хувийг барих шаардлага бүрэн хангагдсан эсэх эцсийн дүгнэлт гараагүй. Нийт 12 улс төрийн намаас Засгийн газар, хамтарсан засгийн гурван намын дарга нарт хүсэлт ирүүлж, тодорхой хугацаа өгч, дүрмээ шинээр бүртгүүлэх боломж олгооч гэсэн. Бид нэгэнт хэрэгжсэн хуулиа барина. Та нар санхүүжилт, гишүүнчлэлээ ойлгомжтой болго гэдгийг шаардаж байгаа. Цаашдаа сунгах ойлголт байж болохгүй. Шинэ хуулиа хэрэгжүүлэхийг шахах ёстой. Ажлын хэсгийн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний санал дэмжигдвэл нэг сарын дотор бүх бүртгэл УДШ-д очно.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Нэг сарын турш санал хураах төхөөрөмжийн талаар ярилаа. Энэ төхөөрөмжийг ямар нэртэй компани, хэдэн төгрөгөөр энд суурилуулсан талаар УИХ-ын тамгын газрын дарга Баасандоржоос асуусан ч одоог хүртэл хариулт ирүүлээгүй байгаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд хэлэлцэж байх үед манай УИХ-ын гишүүд одоо ярьж байгаа асуудлаа хэлж л байсан юм билээ. Протколыг харахад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Парламентад суудалгүй улс төрийн намууд энэ хуулийг эсэргүүцэж байна. Энэ хууль дээр парламентад суудалгүй улс төрийн намуудаас санал авсан уу" гэж асуусан байна. Түүний асуултад тухайн үед МАН-ын бүлгийг ахалж байсан Д.Тогтохсүрэн хариулахдаа "Парламентад суудалгүй улс төрийн бүх намтай хоёр удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг хүлээж авсан. Сонгуулийн ерөнхий хороо саналыг нь хүлээж аваад бид нэг ойлголцолд хүрсэн" гэж хариулсан байна. Гэтэл одоо парламентад суудалгүй таван нам үүнийг Улс төрийн намыг эсэргүүцээд байна. Энэ намууд нь зөвхөн сонгуулийн үеэр идэвхждэг, идэвхгүй, оролцоогүй. Энэ намууд чинь одоо заасан хугацааг дахиад хойшлуулах, эсэргүүцэх санал гаргавал яах вэ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Дүрмийн бүртгэлтэй холбоотой заалтыг хойшлуулж байгаа. Заасан хугацаанд дүрмээ бүртгүүлэхгүй бол энэ намуудыг УДШ бүртгэхгүй гэсэн үг. Энэ цаг хугацаанаас хойш дахиж дүрмийг шинэчлэн бүртгэх ойлголт огт байхгүй.
Ингээд Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тус хуулийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөхийг цаашлаад намууд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дүрмээ шинэчилж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр боллоо.