Монголын хоккейчдын баг ДАШТ-ээс гуравдахь хожлоо авчээ

Монголын хоккейчдын баг ДАШТ-ээс гуравдахь хожлоо авчээ

Дэлхийн Аварга шалгаруулах бөмбөгтэй хоккейн тэмцээн ОХУ-ын Иркутск хотноо гуравдахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын баг тамирчдын хувьд өчигдөр /2020.03.02/ Японы шигшээ багтай тоглон 2:1-ээр хожсоноор гуравдахь ялалтаа байгуулжээ. Энэхүү тоглолт үзэгчдийн дунд нэлээн хүлээлттэй байсан бөгөөд хоёр баг өмнөх өдөр Сомалийн шигшээг 10:0 /Монгол/, 9:0 /Япон/ олон гоолоор илүүрхэн хожсон юм.

Хоёр багийн тоглолтын эхний минутууд маш ширүүн өрнөсөн ч аль аль нь алдаа гаргаж довтолгоо амжилтгүй байсан ч Монголын багийн тоглолт тогтворжиж, хүчтэй довтолгоонуудыг олонтаа хийснээр, Японы баг нэг ч булангийн цохилт хийж чадаагүй байна.

Тоглолтын дараа Монголын багийн ахлах дасгалжуулагч Б.Жаргал: “Багийнхаа тоглогч нартаа талархал илэрхийлж шигшээ багаараа бахархаж байна. Бид В хэсэгт түрүүлэхийн төлөө хүчээ гарган тоглох болно” гэжээ.

Харин Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олег Зиганшин “Юуны өмнө ялалт байгуулсан өрсөлдөгчдөө баяр хүргэе. Өөрийн багийг хангалттай өндөр түвшинд тоглосон гэж бодож байна" гэжээ.

Маргааш Монголын шигшээ баг 14 цагаас Латвийн багтай тоглох бөгөөд гуравдугаар сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхлэх юм байна.