Хуульч Х.Тэмүүжин Төрийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа

Хуульч Х.Тэмүүжин Төрийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа

Өнөөдөр /2020.03.03/ УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын ерөнхий прокурорт Төрийн 29 сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох утга бүхий хүсэлтийг өөрийн биеэр хүргэлээ.

Тэрээр “Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд болон нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг.

Хэрвээ энэ хуулийн заалтыг зөрчвөл гэрээ хэлцлийг хүчингүй болгож төрд учирсан хохирол, зардлыг эргэн төлүүлнэ гэж тодорхой заасан байдаг. Гэвч хоёр жил хүлээсэн ч нэр бүхий зээл авсан гишүүдэд хариуцлага тооцсонгүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гарган тэдгээр гишүүн болон нэр бүхий албан тушаалтнуудын авсан зээлийг буцаан төлүүлж, гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгохыг хүсч байгаа юм.

УИХ-ын гишүүд хуулийн биелэлтийг хангах ёстой. Харамсалтай нь хуулийн биелэлтийг хангуулж ажиллах ёстой хүмүүс хууль зөрчсөн тул хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурор энэ ажлыг хийх ёстой гэсэн үүднээс хүсэлт бичлээ” гэсэн юм. Прокурорын газраас хүсэлтийн хариуг 14 хоногийн дотор өгөх үүрэгтэй байдаг юм байна.