ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.12.27/ мэдээлэл өглөө. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалтын түвшин дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн байна.
Харин орон нутгаар нь авч үзвэл 13 аймаг улаан түвшинд, 7 аймаг улбар шар түвшинд байна. Өвчлөл нилээн өндөр буюу өмнөх долоо хоног болон өмнөх жилийн мөн үеэс нэмэгдсэн байна. Амбулаторийн нийт өвчлөлийн 14 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 38 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу уушгины үрэвсэлтэй хэвтэн эмчлүүлж байна. Энэ жилийн хувьд арай онцлогтой өвчлөл явагдаж байна. Эмнэлэгт хэвтэх хүртэлх хүндрэл ихтэй, орны ачаалал 2-3 дахин ачаалалтайгаар явагдаж байна. Насны хувьд нийт томуу, томуу төст өвчний 75 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 5 хүртэлх насны хүүхдүүд 40 орчим хувийг эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины үрэвслээр хэвтүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд 50 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Улсын хэмжээнд 2300 орчим ор дэлгэн ажиллуулж, Нийслэлд хүүхдийн орны ачааллыг бууруулахын тулд эрүүл мэндийн харьяа эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна гэлээ.
-АМЬСГАЛЫН ЗАМЫН СЕНЦТАЛ БОЛОН ТОМУУГИЙН ХҮРЭЭНИЙ H1N1 ВИРУСИЙН ТАРХАЛТ 50/50 ХУВЬТАЙ БАЙНА-
Вирус судлалын үндэсний хэмжээнд хийсэн тандалтын судалгааг албаны эх сурвалж танилцуулсан юм. Нийт хүн амын 69.2 хувьд нь томуугийн болон томуу төст өвчний тархалттай байна. Энэхүү тархалтыг үүсгээд байгаа шалтгааныг хувиар илэрхийлбэл, амьсгалын замын сенцтал вирус 22 хувь, томуугийн H1N1 вирус 22 хувь, рино вирус 14 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн вирусийн шалтгааныг үзвэл 50 хувь нь амьсгалын замын сенцтал вирус, 50 хувь нь томуугийн H1N1 вирус эзэлж байна.
-ЭНЭҮТ: ХАЛУУН БУУЛГАХ ЭМИЙГ ӨНДӨР ТУНГААР, ОЙР ОЙРХОН УУЛГАХ НЬ АЮУЛТАЙ-
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Сургууль, цэцэрлэгийн насныхан халуурч, таталт өгч ирж байна. Эцэг эхчүүд хүүхдүүд маск зүүгээгүйгээс болоод эмнэлэгт үзүүлэхээ очоод шинэ вирус аваад гарч байна. Халуун бууруулах эмээ өгчихөөд халуун буухгүй байна гээд хоёр цагийн дараа халуун бууруулах эм өгч байна. Халуун буулгах эмийг өндөр тунгаар уулгаж байна. Яагаад гэвэл халуун буулгах эмийн гаж нөлөө өөрөө маш аюултай байдаг. Хоёр цаг тутамд нэг бүтэн парацетамол нэг настай хүүхдэд өгсөн байна. Хоёр хоног гурван цагийн зайтай парацетатол өгсөн байсан. Халуун бууруулах эмээ өгчихөөд эцэг эхчүүд хүүхдээ нимгэлээд шингэн бүлээн уулгаад аажмаар бууна гэдгийг ойлгож хүлээх хэрэгтэй. Нэгээс хоёр цагийн дараа буудаг. Хүүхдээ бигнээд хучаад хувцасыг нь өмсүүлээд байдаг. Тэгэхээр халуун буудаггүй.
Мөн хүүхэд нь ханиад хүрсэн бол гэрийн дэглэм сайн сахих хэрэгтэй. Хурц үнэр битгий үнэртүүлэх, арц хүж, бок саван, хиншүү хярвас, үнэртэй ус үнэртүүлж болохгүй.
Хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх ялангуяа нэгээс доош настай хүүхдүүд ийм үнэр авбал шуугиад амьсгалын дутагдалд орж, толгой дохилзоод ирдэг гэлээ.