Өнөөдөр /2024.12.27/ агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярихдаа, Гадуур утаанд зориулсан мөнгөний талаар зөрүүтэй мэдээлэл явж байна. Тиймээс хөндлөнгийн аудит шинжээч томилуулж ажиллуулахаар төлөвлөсөн. Хүний амьд явах эрх, эрүүл явах эрх зөрчигдсөн талаар эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн шинжээч, технологийн шинжээч гэх мэт зургаан хүн томилж ажиллуулахаар хүсэлтээ явуулсан.
Утааны сонсголоос бид таван үр дүн гарна гэж төсөөлж байна. Нэгт, Улаанбаатарын утаанд уушиг бүхэн хордож байна. Энэ бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш. Тиймээс улс орон даяар түүхий нүүрс түлэхийг эгнэгт хориглох шийдвэр гаргах. Хоёрт, утаанаас салах 1500 гаруй шийдэл байдаг юм байна. Хамгийн үр дүнтэй бодитой орц гарцыг эрдэмтэн судлаачид судалж шийдвэр гаргахыг хүсч байгаа. Гуравт, ямар албан тушаалтан, хэдэн их наяд төгрөг юунд зарцуулсан, яагаад, ямар шийдвэр гаргасныг олон нийтэд мэдээлнэ. Дөрөвт, агаарын бохирдлын үндсэн шалтгааны нэг болсон автомашины үзүүлж байгаа утааны сөрөг нөлөө үр дагавар баримт мэдээллийг ил болгож, ярилцах болох. Тавд, утааны сонсголын явцад илрэх нотлогдох зөрчлүүдийг хэрхэн арилгах санал шийдэл бүхий УИХ-ын тогтоолын төслийг УИХ, Байнгын хороонд өргөн мэдүүлж батлуулна гэлээ.