Томуу, томуу төст өвчний талаар ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт арванхоёрдугаар сард оргил үедээ хүрсэн болохыг ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.
Энэ үеэр томуугийн өвчлөл, хүндрэлийн талаар тус төвийн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго хэлэхдээ "Томуу, томуу төст өвчин энгийн ханиад биш болохыг нотлох маш ноцтой хүндрэл нь, зүрхний булчингийн үрэвсэл маш хүчтэй өвдөлт өгч, зүрхний цохилтын тоо олширхоос эхлээд цөөрөх хүртэл амь тэнсэн байдал руу ордог. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүд маскаа зүүх, гараа угаахаас эхэлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутам авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ өвчин богино хугацаанд хүндэрч, хамар дайврын үрэвсэл, дунд чихний үрэвсэл зэрэг хүндрэл мөн үүсгэж байна. Улмаар тайван бус уйлагнасан байдалд ордог тул эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хандаж, эмчийн зааврын дагуу арга хэмжээ авах шаардлагатай. Мөн бүлээн шингэн хангалттай сайн уулгах хэрэгтэй байна" гэж анхааруулсан юм.