Ц.Нямдоржийн баталсан хуулийн дагуу Сэргээгдэх эрчим хүчний тариф гэх төлбөрийг 18 жил иргэдээс авчээ

Ц.Нямдоржийн баталсан хуулийн дагуу Сэргээгдэх эрчим хүчний тариф гэх төлбөрийг 18 жил иргэдээс авчээ

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” гэгчийг нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 квт тутамд 4 төгрөг авч байх журмыг гаргажээ.

Энэхүү төлбөрийг өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200 квт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг нэмэгдэх бөгөөд энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн баталсан хуулийн дагуу энэхүү төлбөрийг хэрэглэгчдийн зөвшөөрөлгүй, иргэдийн халааснаас авч эхлээд 18 дахь жилтэйгээ золгож байгаа аж.

-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХ ТӨЛБӨР КВТ ТУТАМД 4 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ 11 ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ-

Хамгийн гол нь, сэргээгдэх эрчим хүчний тарифын нэмэгдэл 10 хувийг өнөөдөр ч бид төлсөөр байна. Гэхдээ квт тутамд 4 төгрөгөөр эхэлсэн хуульчилсан дээрэм өнөөдөр 11 төгрөг болж өсчээ.

Тодруулбал, 2024.11.15-аас цахилгааны үнэ нэмэгдсэн бөгөөд үндсэн тариф дээр нэмээд иргэд суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамд 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж төлж байна. Албаны мэдээлэлд энэхүү нэмэгдлийг тайлбарлахдаа, “Цахилгааны төлбөрт тусгагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм” хэмээн онцолсон байв.   

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр, өнөөдөр улсын хэмжээнд нар, салхи, усан цахилгааны 9 станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон байгаа бөгөөд 297 мвт эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд 18 жилийн турш сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор улсад мөнгө төлсөн ч өнөөх л хувийн хэвшлүүд өөрийн хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр ашиглалтад оруулсан байна.