Д.Цогтбаатарын орны хүнийг сонгох УИХ-ын нөхөн сонгуульд З.Энхболд АН-аас нэр дэвшихээр эрх баригчидтай тохирч, идэвхжиж эхэлжээ

Д.Цогтбаатарын орны хүнийг сонгох УИХ-ын нөхөн сонгуульд З.Энхболд АН-аас нэр дэвшихээр эрх баригчидтай тохирч, идэвхжиж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм. 

-ДАВ.ЦОГТБААТАРТ ЯЛ ОНООСОН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ АЛБАЖИХ 60 ХОНОГ ДУУСААД БАЙНА-

Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарснаас 30 хоногийн хугацаанд тогтоолоор албажих ёстой бөгөөд мөн нэг удаа 30 хоногоор сунгах боломжтой. Одоогийн байдлаар Улсын Дээд Шүүхээс хугацааг 30 хоногоор сунгачхаад байгаа бөгөөд шийдвэр гарснаас хойш яг 60 хонож байна.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд Шүүхийн тогтоол албажих 30+30 хоног дууссан.

Өдийд Д.Цогтбаатарыг эргүүлэн татах процесс эхлээд явж байх ёстой ч нам гүм байна. Тиймээс ч зарим иргэний зүгээс “Өдийд ялын прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавиад эхэлсэн байх ёстой. Ял шийтгэлтэй хүн хууль батлаад байж болохгүй” гэсэн шаардлагыг илэрхийлээд байгаа юм.

-ҮНДСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ, АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРМЭЭР Д.ЦОГТБААТАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БҮРЭН ҮНДЭСЛЭЛ БАЙНА-

Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно,

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5.4-т намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэх зэргээр тодорхой зааж өгчээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд Шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж заасан. Энэ дагуу Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Д.Цогтбаатар гишүүнийг УИХ-д дэвшүүлчхээд дараа нь эргүүлэн татах нь утгагүй. Бид нар ял, зэмтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх үүрэгтэй. Ял, зэмгүй  хүн нэр дэвших бүрэн эрхтэй. Залуу хүмүүсээр хамаагүй оролддог нь буруу” гэж цаг хугацааны хувьд буцааж болохгүй мэт агуулгаар тайлбар хийв. 

-НЭГ ТАЛД АХ Д.МӨНХ-ЭРДЭНЭ НЬ НӨГӨӨ ТАЛД З.ЭНХБОЛД ЭРХ БАРИГЧИДТАЙ ТОХИРОЛЦОХООР АЖИЛЛАЖ БАЙНА УУ-

Нэгэнт Улсын Дээд Шүүхийн шийдвэр албажих хугацаа нь болсон учир МАН-ынхан уг асуудлаар Ардчилсан намын удирдлагуудад шахалт үзүүлж, Д.Цогтбаатарыг эргүүлэн татан хангайн бүсэд нөхөн сонгуулийг явуулахаар дор бүрнээ хөөцөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, Улсын Дээд Шүүхийн шийдвэр албажсаны дараа шууд залгуулан Д.Цогтбаатарыг эргүүлэн татах зохион байгуулалтыг хийхээр төлөвлөсөн гэж байгаа юм.

Хэрвээ Улсын Дээд Шүүхийн шийдвэр албажвал УИХ-ын индрээс уншиж, танилцуулаад л болох юм. Товчхондоо, УИХ-ын гишүүдийн дунд энэ асуудлаар санал хураалт явуулахгүй. Тиймээс Д.Цогтбаатарыг УИХ-д нь авч үлдэхийн түүний ах Д.Мөнх-Эрдэнэ эрх баригчтай тохиролцохоор ажиллаж байж болзошгүй байгаа.

Тодруулбал, саяхнаас Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг MCS компанитай холбон нэлээн шоглож лайв хийсэн. Тэр дүүгээ УИХ-д нь үлдэхийн тулд Засгийн газрыг дэмжиж, кнопоор нь наймаалцах тохироог хийж магадгүй. Харин нөгөө талд нөхөн сонгуулийг явуулж, Д.Цогтбаатарын оронд нэр дэвших өндөр сонирхолтой олон хүн байгаагийн нэг нь З.Энхболд аж. Түүний хувьд сүүлийн үед гэнэт идэвхжиж, Тавантолгойн төмөр зам зэрэг сэдвээр ил ярьж, өгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илтэд хань болж байгаа. Сяахан МҮОНРТ-ийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож "Яалтын гэрээ"-ний талаар ярив. Мөн түүнийг “супер спикер байсан” гэх тайлбартай бичлэг сошиалд цацагдаж байна.

Бас нэг асуудал нь өнгөрсөн долоо хоногт шүүхээс З.Энхболдыг цагаатгасан. Энэ мэт Засгийн газрын пиарт орж, тусласнаараа тэрбээр эрх баригчидтай наймаалцаж УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойргийн нөхөн сонгуульд “Би явъя” гэдэг наймаагаа хийж байж магадгүй.

Түүний хувьд 2004, 2008 онд Өвөрхангайгаас УИХ-д сонгогдон гишүүн болсон. Харин 2012 онд намын жагсаалтаар парламентад сууж байв. Үүний дараа 2016 онд С.Эрдэнийг дагаж Баянголд, 2020 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд навсайтлаа ялагдсан. Тиймээс тэрбээр ялж байсан Өвөрхангайдаа очихыг энэ удаа хүсч байхыг үгүйсгэхгүй. Түүнийг Өвөрхангайнх гэдэг ч Сэлэнгэд төрж, өссөн С.Баярцогттой нэг төгсөлт гэдэг. Аавынхаа гаралыг дагаж өдийг хүртэл Өвөрхангайнх гэж дуудагдаж ирсэн ч үнэндээ тэрээр Өвөрхангайн унаган хүүхэд биш юм.

Ардчилсан намд тус тойргийн нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг мөн идэвхтэй байгаа гэдэг ч тэр биш З.Энхболд л Ерөнхий сайдтай ойлголцоно.

Харин МАН-аас УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нарын нэр дуулдаж байгаа юм. Гэхдээ эдгээрээс хамгийн сайн тохироогоо хийсэн нь З.Энхболд аж. Нөхөн сонгууль боллоо гэхэд тэр Женко Х.Баттулгатай нийлж улс төр хийнэ. Хэрвээ ялбал Женко Х.Баттулга Ардчилсан намын бүлэгт дахин нэг хүнтэй болно. Харин З.Энхболд УИХ-ын гишүүн болбол Ардчилсан намын бүлгийг бужигнуулж, Л.Гантөмөрийг ч хөдөлгөж мэдэх үйлдэлтэй хүн. Тэр парламентад анх сонгогдсоныхоо дараа  Ардчилсан намын тухайн үеийн лидер Ц.Элбэгдоржийн бодлогыг дагадаг байлаа. Харин 2016 оны сонгуулийн дараа Женкотой нийлсэн юм. Бүх цаг үед өөрт ашигтай хувилбарыг дагаж гүйдэг тэрбээр энэ удаа Д.Цогтбаатарыг явуулж, оронд нь өөрөө орж ирэхээр "мөрөөдөж" яваа бололтой.