Коронавирус Азийн орнуудад намжиж эхэлсэн ч "Европынхныг" түгшээж эхэллээ

Коронавирус Азийн орнуудад намжиж эхэлсэн ч "Европынхныг" түгшээж эхэллээ

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 114 оронд тархаж уг халдвараар 114000 гаруй хүн өвчлөөд байна. Халдварын голомт болсон БНХАУ-д өдрөөс өдөрт шинээр илрэх халдварын тоо буурч, сүүлийн арав орчим хоногт Өмнөд Солонгос улсаас бусад Азийн орнуудад шинээр бүртгэгдэж буй халдварын тоо тогтворжиж байна. Гэвч Европын орнуудад халдвар тархаж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Европын орнуудаас Иран, Итали, Франц, Испани, Герман улсуудад халдвар эрчимжсээр байна.

Италид нэг өдрийн дотор 1797 тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо

Итали улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байна. Тус улсад өнөөдөр/2020.03.10/ гэхэд л коронавирусийн халдварын 1797 тохиолдол шинээр илэрч, нийт халдварын тоо 9172-т хүрлээ. Мөн 97 хүн нас барж, нас баралтын тоо 463-д хүрээд байна. 

Иймээс тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга Жузеппе Конте коронавирусийн дэгдэлттэй тэмцэх зорилгоор олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолд гарын үсэг зурсан. Уг тогтоолд, ажлын болон гэр бүлийн шалтгаанаар, түүнчлэн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үеийн хөдөлгөөнд хориг тавьж байгаа юм.

Өмнө нь зөвхөн Ломбард, Венето, Эмилия-Романья, Пьемонт, Марке мужуудад хөл хорио тогтоогоод байсан бол одоо энэ арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн музей, театр, кинотеатр зэрэг бүх үзвэр үйлчилгээг хааж, сургалт сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 3-ныг хүртэл хаахаар болжээ. Европын бусад орнуудад халдвар тархаж байгаа нь Итали улстай нэлээдгүй холбоотой, тус улсын иргэдээс аялалын журмаар олон оронд зорчиж буй нь нөлөөлсөн хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж байна.

Франц улсад есөн өдрийн дотор 1100 гаруй тохиолдол бүртгэгдлээ

Франц улсад гуравдугаар сарын 1-ний байдлаар коронавирусийн халдвар авсан 130 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 1412-т хүрээд байна. Мөн Парис хотын ахлах сургуулийн сурагч халдвар авсан нь тогтоогдсон тул зарим сургуулийг хааж, хичээлийг хойшлуулаад байна. 

Франц Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар, шаардлагатай бүсүүдэд хөдөлгөөн хязгаарлах бөгөөд Франц улсын хэмжээнд бүхэлд нь хязгаарлах шаардлагагүй, харин мянгаас дээш хүнийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь хориглох шийдвэрийг гаргасан.

Франц улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авахгүй, иргэдийг маск зүүхийг уриалахгүй, өвчтэй хүмүүс зүүх хэрэгтэй гэж зөвлөж байгаа нь иргэдийн шүүмжлэлийг нэлээдгүй хүртэж байгаа юм.

Иранд коронавирусийн улмаас 237 хүн нас бараад байна

Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа Иран улсад халдвар авсан нийт хүний тоо өчигдрөөс 1100-р нэмэгдэж,  7161-д хүрчээ. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчдын өгч буй эдгээр тоо баримтууд эргэлзээтэй байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээллээс иш татсан нэгэн мэдээнээс үзвэл, тус улсын хойд нутагт орших Гилан мужид 200 хүн нас барсан талаарх мэдээлэл гарсан ч удалгүй устгасан байна.