Н.Учрал: 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд улирал бүр ногдол ашиг олгодог болно

Н.Учрал: 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд улирал бүр ногдол ашиг олгодог болно

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна. 

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгаль орчны эрх зүйн байгууллагын эрх олгох журмыг цуцалж байна. Өнгөрсөн хугацаанд долоон яамны 36 журмыг цуцалсан. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулж хариу арга хэмжээ авахгүй байгаа холбогдох яамдууд дээр мэргэжлийн шинжээч томилох ажлын хэсэг байгуулагдах асуудлыг шийдвэрлсэн. Энэ хүрээнд салбарууд журам цуцалсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй гэрчилгээ гэх нэртэй журмын шинж чанар агуулсан гэрчилгээг мөн цуцалсан.

Мөн улсын тэмдэгтийн хураамжаас гадна нэмж гэрчилгээний зардал гэх төлбөр авдаг байсныг цуцалсан. Цаашдаа зөвшөөрлийн зөвлөл долоо хоног бүр хуралдаж, холбогдох хуулиа давсан журмуудыг цуцалж, төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлээр ажиллана.

Энэ хүрээнд хаврын чуулганы хуралдаанд Зөвшөөрлийн мэдэгдлийн хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү хуулиар эрх олгох нэрээр олон янзын зөвшөөрөл олгосон байдгийг энэ хаврын чуулганаар шинэчилж зохицуулна. Мөн Үндсэний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулгыг хийлээ. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн орд, түүнийг эзэмшиж байгаа компаниуд дээр тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Ийнхүү бид 2007 оны их хурлын тогтоолоор тогтоосон 16 стратегийн орд болон стратегийн нөөц нь тогтоогдсон 50 орчим ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож иргэн таны хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийнэ. Энэ ажил бүхэлдээ хэлэлцээрийн журмаар явна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга нар, удирдлагуудын танилцуулгыг сонссон. Улирал тутам "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг шатлалтайгаар хуваарилж байх нь илүү тохиромжтой.

Инфляцийг өсгөхгүй байхад энэ нь өндөр ач холбогдолтой. Өнгөрсөн 12 дугаар сард эхний урьдчилгааг олгох үед энэ жил 350 мянган төгрөгийг олгох боломжтой гэсэн. Иймд үлдсэн 200 мянган төгрөгийн 100 мянгыг нь цагаан сараас өмнө, дараагийн 100 мянган төгрөгийг дараагийн улиралд олгоно. Иргэдэд баялгийн сангийн хуримтлалын данс бий. И-Монгол руу орохоор сонголтууд харагдана. Нэгдүгээрт, хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах, эс бөгөөс хуримтлалын данс руугаа хийх эсвэл хуримтлалын дансанд хийсэн мөнгөөрөө нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлд хийгдэж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулах гэсэн сонголтуудаас иргэд өөрсдөө сонгох боломжтой болсон. Ийнхүү иргэд бэлэн мөнгө авахгүй хадгаламж руугаа хийвэл хүү тооцох зэргээр явна. Мөн ирэх хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтүүд оруулж, хадгаламж руугаа ногдол ашгаа авах, түүнийгээ хөрөнгийн зах зээл рүү оруулах боломжийг бүрдүүлэн ажиллана" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: