Эрдэнэт үйлдвэрт АН-аас нэг "Хяналтын менежер" томилоод МАН-аас Д.Батлут, Г.Дамдинням нарын гурван хүнийг тус албан тушаалд томилно

Эрдэнэт үйлдвэрт АН-аас нэг "Хяналтын менежер" томилоод МАН-аас Д.Батлут, Г.Дамдинням нарын гурван хүнийг тус албан тушаалд томилно

Засгийн газарт хамтарсан гэх үндэслэлээр МАН, АН, ХҮН намын гишүүдийг яам, тамгын газар, агентлаг, дипломат алба гээд бүхий л шатанд албан тушаалд томилох үйл явц үргэлжилсээр байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудад "хяналт хариуцсан менежер", "бүтээмж хариуцсан менежер" гэсэн орон тоог шинээр бий болгож, МАН, АН, ХҮН намын гишүүдийг томилж байгаа. 

-АН-ЫН И.МӨНХЖАРГАЛААС ГАДНА МАН -ААС ГУРВАН "ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР"-ИЙГ "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРТ ТОМИЛНО-

Тодруулбал, "Хяналт хариуцсан менежер" гэх албан тушаалыг АН-д өгөхөөр Засгийн газар дотроо тохирсон байдаг. Уг тохирооны дагуу "Эрдэнэт" үйлдвэрт л гэхэд хяналт хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг, Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр П.Нүрзэдийг, Эрдэнэс тавантолгой ХК-ийн хяналт хариуцсан менежерээр Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг гээд АН-ын гишүүдийг нэг, нэгээр нь томилсон байдаг. 

Тэгвэл МАН-ынхан заль гаргаж, хяналтыг зөвхөн АН-д хариуцуулна гэсэн тохирооноосоо буцаж, "гуя дагуулж хүзүү" гэгчээр "Хяналт хариуцсан менежер"-ийн албан тушаалд АН-аас нэг хүнийг томилсон атлаа МАН-аас гурван хүн томилж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Эрдэнэт" үйлдвэрт Хяналтын менежерээр  И.Мөнхжаргалаас гадна "Засаглалын ил тод байдал хариуцсан хяналтын менежер"-ээр н.Жаргалсайхан гэгчийг, "Төсөл хөтөлбөр хариуцсан хяналтын менежер"-ээр н.Энхээг, "Цахим хөгжил хариуцсан хяналтын менежер"-ээр н.Сүхбаатарыг томилохоор АТГ-т Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянуулж, хариуг нь аваад байгаа аж.

Харин эдгээр гурван хүнийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Г.Дамдинням нарын хүмүүс гэх бөгөөд тэднийг ирэх даваа гараг /2025.02.24/-т томилж магадгүй байна. Учир нь "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Г.Ёндон Улаанбаатар хотод ажилтай яваа аж. Тэгвэл төрийн өмчит компани, үйлдвэрүүдэд "хяналт хариуцсан менежер"-ээр томилогдох хүмүүсийг Засгийн газраас санал болгож үйлдвэрийн захиргаанаас томилдог байна.

-"ЭРДЭНЭС МОНГОЛ" КОМПАНИД ДӨРВӨН "ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР" ТОМИЛНО -

Гэтэл энэ удаа УИХ-ын гишүүд оролцсон нь энэ аж. "Эрдэнэт" үйлдвэрт АН-аас нэг, МАН-аас гурван хяналтын менежер томилогдох. Үүний дараа "Эрдэнэс Монгол"-д мөн яг ийм томилгоог хийх аж. Дээрхээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-д менежерийн шинэ гурван орон тоог бий болгож МАН-аас "ТV8" телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Баярмөнхийг, АН-аас Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг томилсон.  ХҮН намаас мөн нэг хүнийг менежерээр томилсон. С.Баярмөнхийн хувьд ЕТГ-ын дарга Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан Баянхонгорынх гэдгээрээ холбогддог бөгөөд үүний өмнө "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.