Я.Бадам: Осолд орж, ухаангүй байгаа охиноо хараад Сэлэнгэ аймгийн “Музейн өдөр”-т яах гэж явуулав даа гэж харамсаж байна /ВИДЕО/

Я.Бадам: Осолд орж, ухаангүй байгаа охиноо хараад Сэлэнгэ аймгийн “Музейн өдөр”-т яах гэж явуулав даа гэж харамсаж байна /ВИДЕО/

Одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохиосон “Музейн өдөр” арга хэмжээнд оролцож, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэх гэж байсан 14-н настай охины зорчиж явсан автомашин осолдож, охин маш хүнд бэртэл авсан.

Харин өдгөө тухайн арга хэмжээг зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн удирдлагууд ч магадгүй ослын хохирогч  охиныг мартаж, түүнийг орхисон байна. Өнөөдөр охины зөвхөн нүд нь л хөдөлдөг болж биеийн байдал нь маш хүнд байгаа тул түүний ар гэрийнхэн охиноо эмчилгээнд нь ортуулахаар Төв аймагт байр түрээслэн амьдарч байгаа. Иймд бид эл хэргийг нэхэн сурвалжилж, хохирогч охины ээжтэй ярилцлаа.

ВИДЕО:

Охин одоо зөвхөн нүдээ хөдөлгөж чаддаг бөгөөд эмч нар “ургамлын байдалтай болсон” гэх харамсалтай мэдээг ар гэрт нь дуулгажээ. Гэвч охины ар гэрийнхэн бууж өгөлгүй байгаа бүхнээ зарж, зардлын мөнгө босгоод Хөх хотод хагалгаа хийлгээд ирсэн байна. Дараалсан олон хагалгаа хийлгэсэн ч төдийлөн сайжрахгүй байсаар хоёр сарын дараа Монголдоо эргэн ирсэн. Түүнээс хойш Монголдоо эмчилгээ хийлгэж, өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогийн байдлаар охиноо эмчилгээнд нь ойртуулан Төв аймагт байр түрээслэн амьдарч байна. Охин багын уран нугаралтаар хичээллэдэг авьяаслаг охин байж. Иймд түүнийг төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлтэнд буюу музейн нээлтэнд үзүүлбэр үзүүлүүлэхээр амралтын өдрөөр авч явсан ч ийнхүү харамсалтай явдал болжээ. Одоо охины гэр бүлийнхэн охиноо ч яаж эмчлүүлэхээ мэдэхгүй, гэр оронгүй хүндхэн нөхцөл байдалтай байна. Иймд тэд ард түмэндээ хандах чин хүсэлтэй байгаа юм.

-СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН МУЗЕЙН НЭЭЛТЭД ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛҮҮЛЭХЭЭР ОХИНЫГ НЬ АВЧ ЯВААД ОСОЛД ОРЖЭЭ-

-Тухайн осол болох үед охин ямар хүмүүстэй хамт явсан бэ?

-Охин маань 2024 оны тавдугаар сарын 8-нд сумынхаа соёлын төвийн хүмүүстэй хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын музейн өдөр үйл ажиллагаанд явна гээд урд өдөр нь дугуйлангийнх нь багш надаас зөвшөөрөл авсан. Миний охин таван настайгаасаа хойш л эгчтэйгээ цуг уран нугаралтаар хичээллэсэн. Багаасаа олон үйл ажиллагаанд явдаг байсан юм. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан болохоор нэг эсэргүүцээгүй зөвшөөрөөд явуулсан. Тэр үед Сэлэнгэ аймгийнхаа соёлын төвийн эрхлэгч, музейн хоёр ажилтан, Номгон тосгоны бас нэг музей хариуцсан ажилтан болон миний охинтой нийлээд тавуулаа музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцож уран нугаралтын үзүүлбэр үзүүлэхээр явсан юм.

Тэгээд тэр өдрийнхөө 10:00 цаг орчимд ослын дуудлага ирсэн. Ослоос жолооч нь л гайгүй үлдэж, нөгөө гурван хүн нь нас барсан.

-Одоо охины биеийн байдал ямар байна?

-Охины маань баруун талын тархи байхгүйтэй адилхан л гэсэн. 3-р эмнэлгийн эмч нар “Охин тань үндсэндээ ургамал болсон” гэж хэлж байсан. Гэхдээ тэр үгтэй би эвлэрэхийг хүсээгүй. Эвлэрчихвэл өдөр хоногийг яаж өнгөрөөх билээ дээ. Тэр өдрөөс хойш бүтэн 9-н сар тасралтгүй Гэмтлийн эмнэлэг, Эх нялхас, Хөх хот гэхчилэн эмнэлгүүдээр явсан.

-Хөх хотын эмч нар юу гэж хэлсэн бол?

-Хөх хотод хоёр сар эмчлүүлсэн. Тэгэхэд “ер нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Тархиндаа ийм их үрэвсэлтэй хүн ер нь харж байгаагүй шүү” гэж мэс засал хариуцсан эмч нь хэлж байсан. Одоо унтаж байгаа хүүхэд шиг бие нь л хөдөлнө. Хараа нь бас хардаггүй гэсэн.

-ЯАМНЫ ХҮМҮҮС ОЧИЖ УУЛЗСАН Ч ЭНЭ ТӨРЛИЙН ТӨСӨВ БАЙДАГГҮЙ ГЭЭД 10-Н САЯ ТӨГРӨГ ӨГСӨН БАЙНА-

-Төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож гээд явж байж. Энэ хугацаанд та болон танай гэр бүлийнхэн хэн нэгнийг буруутгаж байв уу?

-Энэ хугацаанд хэнийг ч буруутгаагүй. Хэнд ч гомдоогүй. Гомдол, буруутгалыг би даахгүй шүү дээ. Яаж ийгээд охиноо л босгоод авъя гэж бодсон. Жолоочийн тухай ч, албан байгууллагыг ч огт бодоогүй, хэнд ч гомдоогүй.

-Яамны хүмүүс болон тэр үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүсээс танай гэр бүлд хандаж, тусламж үзүүлээгүй юу?

-Яамны хүмүүс ирсэн. Соёлын газраас бас ирж уулзсан. 10, 10-н сая төгрөг өгсөн. Тэр хоёр албаны хүнээс хоёулангаас нь би гуйж байсан. “Охиныг маань битгий мартаарай. Босоод иртэл нь хамт байгаарай” гэж хэлсэн. Хариуцагч гээд жолоочийнх нь шүүх хурал нь одоог хүртэл болоогүй, хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Шүүх хурал нь хэдэн ч удаа хойшилсон юм мэдэхгүй. Ямартай ч болоогүй. Тэр шүүх хурал дээр нь ч огт очоогүй.

Хөөрхий тэр жолоочийг ч бас хохирогч нь л гэж боддог. Тэр хүн орон гэрээ зараад хохирогч нартаа хуваагаад өгчихсөн л юм байна лээ. Одоо дахиад тэр хүнээс юу гарах юм мэдэхгүй.

-Одоо охинд эмчилгээ бий болов уу? Энэ талаар эмч нар нь юу гэж хэлсэн бэ?

-Одоо сэргээн засахад явах л эмчилгээ байгаа. Нэмж тархинд хагалгаа хийх боломж байхгүй гэж хэлсэн. Сонсголонгийн сэргээн засах төвд саяхнаас явж эхэлсэн. Олон сар сэргээн засахад яваагүй гэхэд булчин, шөрмөс нь гайгүй байна л гэж байна лээ. Охины минь 10 жил хийсэн бэлтгэл, сургуулилттай нь л холбоотой байх. Маш чанга биетэй хүүхэд байсан. “Хаашдаа таны охинд маш олон жилийн сэргээн засах эмчилгээ хийх шаардлагатай. Гэхдээ найдвараа битгий алдаарай. Охин тань ямар төрөлхийн ийм биш болохоор сайхан болчихсон тохиолдлууд байдаг юм байна лээ шүү” гэж эмнэлгийн охин хэлсэн. Яг өмнөх шигээ бол болохгүй юм гэсэн. Ямар ч гэсэн босоод суудаг болоосой, ядаж өөрөө хоолоо иддэг болоосой, хүний өгсөн зүйлийг өөрөө идчихдэг болоосой гэж боддог. Ээж нь байгаа цагтаа ямар ч гэсэн хичээнэ. Энэ хугацаанд охин минь мундаг байгаа. Анх үнэхээр хэцүү байсан юм шүү дээ.

-"ОДОО ОХИНОО ЯАЖ ЭМЧЛҮҮЛЭХЭЭ Ч МЭДЭХГҮЙ, ЭРГЭЭД ХАРАХАД ОРОН ГЭР Ч ҮГҮЙ БОЛСОН БАЙНА" ГЭВ-

-Таны хувьд хэдэн хүүхэдтэй вэ. Энэ хугацаанд охины эмчилгээний зардал зэрэгт багагүй зардал гарсан уу?

-Би одоо гурван охин нэг хүүтэй, гурван охины хамгийн бага нь. Ямар ч байсан илүү гарах зүйлгүй ч дутуу юмгүй сайхан амьдралтай, эрүүл саруул дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Харин өнгөрсөн 11-н сарын хугацаанд ганц хүүхэдтэй юм шиг л байлаа. Эмнэлгээс гарч ирээд сар гаруй хугацаа болоход л их зүйл бодогдож байна. Эргээд харахад очих орон гэр ч үгүй болсон юм байна. Зарж болох бүхий л зүйлээ зарж үрсэн юм байна. Долоон хүн маань таван газар тараастай. Хоолтой, хоолгүй ч нэг газраа бөөндөө байх юм сан. Хөгшин ээжийгээ ч бас насны бөгсөнд их зовоож байна гэж харамсах юм.

-Охин сэргээн засах эмчилгээнд яваад ч өмнөх шигээ болохгүй юу?

-Ямар ч гэсэн ухаан сэрээд, хариу үйлдэл үзүүлээд, нүдээрээ ч болтугай ойлголцдог болчихвол л болно. Тархины гэмтэл л их хэцүү байна.

Эмч нарын үг бол их хатуу. Тэдний үгтэй эвлэрэх юм бол цаашид явах хэцүү шүү дээ. Гэхдээ энэ хүргэсэн алтан гарт эмч нар, Сэлэнгэ аймгийн эрчимтийн эмч нар мөн эх нялхасын мэдрэлийн мэс заслийн хамт олонд маш их талархаж байна. Тэдний буянаар л охин маань өдий зэрэгтэй байгаа.

-Соёлын яам, тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан газарт хандах бодол танай гэр бүлд байгаа юу?

-Соёлын яаманд ханд гээд л хүмүүс хэлдэг л юм. “Та нар зүв зүгээр байсан сайхан хүүхдээ ийм болгоод, өөрсдөө ч орон гэргүй болчихоод Соёлын яаманд ханд” гэж хэлдэг. Би бол тэр хүмүүст итгэхгүй л байгаа. Ийм юмны төсөв мөнгө байдаггүй юм гээд 10 сая төгрөг л өгсөн. Үүнээс цааш тусалж дэмжихгүй байх л гэж бодож байгаа. Одоо хүүхдээ сэргээн засах төвд явуулаад, бөөндөө цугларах орон гэртэй болчихвол болно доо.