Л.Наранбаатар: З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК улсад татвар төлдөггүй

Л.Наранбаатар: З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК улсад татвар төлдөггүй

Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын “Страто” компанийн хууль бус үйл ажиллагааны  талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хууль бус үйлдэл гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж нийтийн эрхийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр З.Энхболдыг шалгуулахаар АТГ, прокурор, ТЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тодруулбал тэрбээр “ НЭГДҮГЭЭРТ, УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан, хамаарал бүхий компаниуддаа давуу байдал бий болгон нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагуудад шалгуулахаар өгч байна.

“Страто” гэх компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хоёр компанийг хамтран эзэмшдэг, бизнесийн хамтрагчид. Страто ХХК олон удаа хууль зөрчиж байсан. Тус компани Шивээ-Овоод нүүрс боловсруулах үйлдвэрийг 2018 оны тавдугаар сард ашиглалтад оруулсан. Гэтэл уг үйлдвэрийн ТЭЗҮ-г 2018 оны 12 дугаар сард хийсэн байна. Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа ТЭЗҮ-г хийсэн нь ямар учиртай вэ. ТЭЗҮ-г батлагдахаас  долоон сарын өмнө үйлдвэр ашиглалтад оржээ. Уг нүүрсний ордын газрыг хууль зөрчиж авсан гэж нутгийн иргэд үзэн одоо шүүхдэж байна. Страто компанийн 50 хувийг Хятадын компани эзэмшдэг, 37 хувийг З.Энхболдын дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий  этгээд А.Баттүшиг эзэмшиж байна. Энэ компани Тавантолгойгоос сард 50 мянган тонн нүүрс аваад угаадаг. Нэг тонн нүүрсийг 70 доллароор авч 140 доллароор зардаг. Тэгэхээр нэг жилд Эрдэнэс Тавантолгойгоос 1.5 сая тонн нүүрс авч угааж зараад 740 орчим тэрбум төгрөгийн орлого олдог. Одоо Страто ХХК хүчин чадлаа өргөтгөж байна. 4.5 сая тонн нүүрс угаах гэж байна. Ингэхээр 4.2 их наядын орлоготой болно. Энэ жижиг компани биш. Маш их орлоготой, Хятадын хөрөнгө оруулалттай З.Энхболдын хамаарал бүхий компани.

ХОЁРДУГААРТ, Страто компанийг З.Энхболд байнга өмгөөлж ярьдаг. Тус компанийн татварын маргааны асуудал өнгөрсөн жил дэгдсэн. Энэ үеэд тус компанийн хуульчаар ажилладаг С.Баярмаа гэх эмэгтэй Үндсэн хуулийн цэцэд хандаж ашигт малтмалын НӨӨЦ АШИГЛАСНЫ төлбөрийг тэглүүлсэн. Энэ нь улсын эдийн засагт маш их хохирол учруулсан. Үүнийг хамгаалж З.Энхболд худал мэдээлэл өгч байсан. Уг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвараас эндээс 1.3 их наядын орлого орж ирдэг. Үүний тал нь Ирээдүйн өв санд орж ирдэг. Гэтэл З.Энхболд энэ татварыг байхгүй болгосон. Үүний дараа Сангийн яам уг алдааг засаж залруулах хуулийн төсөл өргөн барьж зассан. Тус компани татвараа, НӨАТ-аа төлдөггүй” гэсэн юм.

Тэрбээр мөн З.Энхболдыг эдийн засгийн алуурчин гэж хэлээд хэрвээ УИХ-д нэр дэвшвэл дэвшсэн тойрогт нь өрсөлдөх болно гэдгээ хэллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗЭХ: