Грекээс буцах дүрвэгчдэд Европын холбоо 2000 евро олгоно

Грекээс буцах дүрвэгчдэд Европын холбоо 2000 евро олгоно

Европын холбооноос Грекээс сайн дураараа буцах дүрвэгчдэд 2000 евро /зургаан сая орчим төгрөг/ олгоно гэж мэдэгджээ. Энэ талаар Европын холбооны дотоод хэргийн төлөөлөгч Илва Иоханссон мэдээлсэн байна. Одоогоор Грекийн арлууд дээр 42 мянган дүрвэгч байрлаж байгаагийн 14 мянга нь хүүхэд аж. Гэхдээ 2000 еврог зөвхөн нэгдүгээр сарын нэгнээс өмнө ирсэн таван мянган дүрвэгчдэд олгох юм байна.

Дүрвэгчдийн ихэнх нь иргэний дайнаас зугтаж буй Сири иргэд бөгөөд мөн Афганистан, Пакистан болон Баруун Африкийн иргэд ч байгаа юм. Европын долоон улс 1600 өнчин хүүхэд авахыг зөвшөөрсөн ч дүрвэгчдийн лагерьт үлдсэн хүүхдүүд маш хүнд нөхцөлд аж төрж байна. 

Түүнчлэн Европыг зорьсон олон мянган дүрвэгч нь Туркт байрлаж байгаа.  Тус улсад 3.7 сая хүн байрласан бөгөөд саяхан дүрвэгчдийг тогтоох боломжгүй болж баруун хилээ нээжээ.