Австралийн дотоод хэргийн сайд коронавирусийн халдвар авснаа зарлалаа

Австралийн дотоод хэргийн сайд коронавирусийн халдвар авснаа зарлалаа

Өнөөдөр Австралийн дотоод хэргийн сайд Питер Даттоны шинжилгээний хариу эерэг гарсан тухай мэдээлжээ. Өглөө сэрэхэд нь түүний биеийн халуун нэмэгдэж, хоолой нь өвдсөн байсан тул шинжилгээ өгсөн байна.

Өнөөдөр өглөө Канадын засгийн газрын тэргүүн Жастин Трюдогийн гэргий коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, ерөнхий сайд өөрөө 14 хоногийн хугацаатай тусгаарлагдсан юм.

Дэлхийн улс орнуудын удирдагч нараас Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару АНУ-д айлчилсныхаа дараа коронавирусийн шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна. Түүнтэй хамт айлчлалд оролцсон олон нийттэй харилцах албаны дарга халдвар авсан нь өчигдөр тогтоогдсон юм. Болсонаругийн шинжилгээний хариу өнөөдөр буюу Баасан гарагт гарах гэнэ.

Бразилын төлөөлөгчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс нараас одоогоор халдварын шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээлэл байна.

Филиппиний засгийн газрын хоёр албан тушаалтан Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсоны дараа тэдэнтэй ойр ажиллаж байсан ерөнхийлөгч Родриго Дутерте бас халдварын шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байгаа юм.

Дэлхий даяар коронавирусийн халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 132,000 гараад байна. Халдварын улмаас нас барсан өвчтөний тоо 4,963 хүрчээ.

Өчигдөр Итали улсад эндэгдлийн тоо 1,000 давж, халдварын нийт тохиолдол 15,133 хүрсэн байна. Их Британид халдварын 590 тохиолдол бүртгэгдэж, 20 гаруй хүний бие муу, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Харин коронавирусийн халдвар анх дэгдсэн БНХАУ-д өчигдөр ердөө найман халдварын тохиолдол бүртгэгдэж, долоон өвчтөн нас барсан байна. Найман халдварын гурав нь гадаад орноос тус улсад ирсэн хүмүүсээс илэрчээ.

Азийн бас нэг голомт болж байгаа Өмнөд Солонгост өчигдөр халдварын 110 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 20 орчим хоногийн хугацаанд нэг өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. Тус улсад өчигдөр нэг хүн нэмж нас барснаар эндэгдлийн тоо нь 67 болжээ. Халдварын нийт тоо Өмнөд Солонгост 7,979 хүрсэн байна.

Эх сурвалж:AFP