Хууль зөрчиж томилсон АМГТГ-ын дарга П.Баянбаатар, СУГ-ын дарга Г.Батхуяг нарын томилгоог хүчингүй болголоо

Хууль зөрчиж томилсон АМГТГ-ын дарга П.Баянбаатар, СУГ-ын дарга Г.Батхуяг нарын томилгоог хүчингүй болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэлийг үндэслэж, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Уг шийдвэртэй холбоотойгоор тэрбээр "Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгсөн. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй. Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй” гэдгийг тодотгосон. 

Тэгвэл хууль зөрчиж томилсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Баянбаатар болон Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батхуяг нарын томилгоог Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон байна. Тухайн нэр бүхий албан тушаалтнуудыг хууль бусаар томилсон талаарх хугацаатай үүрэг өгөгдөж байсан ч биелүүлээгүй тул Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд ийнхүү дээрх томилгоонуудыг хүчингүй болгосон байна.