Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.04.15/ болсон билээ.
Тэгвэл шүүхээс тус хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн хурлыг товлосон байна. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэрэгт яллагдагч Б.Мандахбаярын өмгөөлөгч Д.Нямдорж, А.Энхтүвшин, Ц.Гантулгын өмгөөлөгч Х.Базаррагчаа, яллагдагч П.Одонтунгалаг нараас “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх агуулга бүхий үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт ирүүлснийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой байх тул яллагдагч нарыг нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.