Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн П.Отгонбаатарын зүйлчлэлийг Давж заалдах шатны шүүх өөрчилж, 10 жил болгон бууруулжээ

Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн П.Отгонбаатарын зүйлчлэлийг Давж заалдах шатны шүүх өөрчилж, 10 жил болгон бууруулжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  П.Отгонбаатарыг прокуророос Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллаж, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл П.Отгонбаатар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал,  давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх П.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна хэмээн үзжээ. Харин түүнийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд оноосон 15 жилийн хорих ялыг 10 жил болгон бууруулж, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр магадлал гаргасан байна.