УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар цахим хуудастаа "У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү... Тэд ачаа ачиж байгаа шүү, карго авна" зэргээр бичсэнээ төд удалгүй устгасан байдаг. Мөн "Уранчид У-ыг алах бололтой" гэсэн юм.
Түүнийг бусдыг сүрдүүлсэн, амь насанд нь заналхийлсэн хэргээр шалгаж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас тодруулахад, "Шалгаагүй ч, хянаж байна" гэлээ. Үүний өмнө Улсын харцага Г.Ганхуягийг төрийн өндөр албан тушаалтны амь насанд заналхийлсэн гэх хэргээр саатуулан шалгаж эхэлсэн билээ. Д.Пүрэвбаатарын хувьд мөн адил олон нийтийн сүлжээнд бусдын амь насанд заналхийлсэн юм.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр мэдээлэл хийж, "Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандсан байдаг. Худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна. Нэр бүхий хүмүүс баримтгүйгээр, албан ёсоор шалгаж тогтоосон зүйлгүйгээр 507 хуудас материал гэх зүйл гаргаж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ угаасаа шинэ зүйл биш" хэмээн ярьж байсан юм.