Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. Тэгвэл "Дүнжингарав"-ын ослын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
ВИДЕО:
Энэ үеэр “Дашваанжил” ХХК-н өмгөөлөгч Н.Мөнхзолбоо: Н.Ренчиндорж жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэдгийг хоёр өмгөөлөгч ярьсан. 1459 УНМ дугаартай “Ниссан патрол” машины жолооч Э.Мөнхнаран хоёроос гурван үйлдлийн зөрчил гаргасан байж болзошгүй нь тогтоогддог. Гэхдээ энэ дүгнэлт дээр Э.Мөнхнаранг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гээд биччихсэн байна. Энэ бол эргэлзээтэй. Өнөөдөр энэ танхимд энэ хэргийг буруу зүйлчлэх, хуулийг буруу тайлбарлах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн гэж би харж байна. Өөрөөр хэлбэл Э.Мөнхнаран нь тухайн автозамын хөдөлгөөнд оролцохдоо автоцистерн машины араас орж ирж зогссон байдаг. Тийм болохоор автоцистерн араас нь орж ирсэн буюу сохор бүсдээ байгаа машиныг харах боломжгүй нөхцөл үүссэн. Ингээд харах нөхцөлгүй орчин үүсчихээд байхад ногоон гэрэл асахад нэгдүгээр эгнээнээс шууд эргэх боломжгүй тул хоёрдугаар эгнээнд байр эзэлж байгаад баруун гар луу дохио өгөөд эргэж байгаа машины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй зогсож байгаад уулзвар нэвтрэн гарах нөхцлийг хязгаарласан. “Ниссан патрол”-ын жолооч замын хөдөлгөөний дүрмийн 15.2-ийг зөрчсөн байх магадлал өндөр байхад энэ дүрмийн зөрчил дээр дүгнэлт гараагүй.