Монголын “G банк” гэх хуурамч банкны нэр зохиож, “Өндөр хүүтэй бонд худалдана” хэмээн БНСУ-ын иргэдийг залилж буй хэрэг газар авчээ

Монголын “G банк” гэх хуурамч банкны нэр зохиож, “Өндөр хүүтэй бонд худалдана” хэмээн БНСУ-ын иргэдийг залилж буй хэрэг газар авчээ

Сүүлийн үед Монгол банкнаас өндөр хүүтэй гадаад бонд худалдана гэх хөрөнгө оруулалтын залилан зар БНСУ-ын цахим ертөнцөөр тархсантай холбогдуулан тус улсын Санхүүгийн хяналтын албанаас иргэддээ сэрэмжлүүлэг гаргажээ.

Олон нийтийн сүлжээ (SNS) болон бусад платформуудаар Монголын “G банк”-наас гаргасан ам.доллартай тэнцэх бондод хөрөнгө оруулбал жилийн 11 хувийн тогтвортой өгөөж амлаж байна гэх зар мэдээлэл нь огт худал хөрөнгө оруулалтын луйвар гэдгийг БНСУ-ын Санхүүгийн хяналтын албанаас энэ сарын 23-ны өдөр зарласан байна. Улмаар Монголоос “G банк” гэх нэрийг ашиглан хөрөнгө оруулалтын луйвар хийсэн нь тогтоогдсон тул БНСУ-ын Гадаад харилцааны яамаар дамжуулан Санхүүгийн хяналтын албанаас арга хэмжээ авахыг хүсжээ.

“G банк” нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Солонгост шууд бонд худалддаггүй бөгөөд Монгол Улсад ашиг орлого өндөр байгаа, хилийн чанад дахь банкуудын мэдээллийг шалгахад залилан хийсэн болох нь тогтоогдсон гэж тус улсын Санхүүгийн хяналтын албанаас тайлбарлалаа.

Мөн хөрөнгө оруулалтын зуучлалын тусгай зөвшөөрөлгүйгээр гадаадын арилжааны банкууд Солонгост шууд бонд худалдах боломжгүй аж. Түүнчлэн SNS эсвэл YouTube сувгуудаар дамжуулан борлуулалтыг шууд өдөөх нь хөрөнгө оруулалтын луйвар гэж тооцогддог байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Санхүүгийн хяналтын албанаас "Хэрэв та онлайнаар эсвэл өөр газар ам.доллараар илэрхийлэгдсэн бондод хөрөнгө оруулалт хийснээр тогтвортой, өндөр ашиг олох боломжтой гэсэн зарыг харвал сэрэмжтэй байгаарай. Энэ нь хөрөнгө оруулалтын луйвар байж болзошгүй байна. Гадаад дахь бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн дотоодын лицензтэй пүүс, брокер гэх мэт байгууллага л боломжтой" гэж анхааруулжээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө