Хүний эрхийн комиссоос 24 дэх илтгэлээ өчигдөр /2025.04.23/ танилцуулсан. Тэгвэл өнөөдөр илтгэлийн хүрээнд "Хүний эрх ба цахим технологи" сэдвээр мэдээлэл өглөө.
Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир: Цахим технологи хөгжиж байгаа нь сайшаалтай ч хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар бид 2023-2025 оны хооронд 10 салбарын 36 асуудлыг хамруулан явуулсан. Камерийн хяналтын нөхцөл байдал, зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим гавыг ашиглаж байгаа байдал, тагнах төхөөрөмжтэй холбоотой эрхзүйн зохицуулалт ямар байгаа юм бэ, цахим хуваагдал буюу цахим технологитой холбоотой ялгаварлан гадуурхалтад өртөж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч орхигдуулж болохгүй асуудал юм гэж авч үзсэн.
-ЦАХИМ ТЕХНОЛОГИ УЛСЫН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ Ч ХҮНИЙ ЭРХИЙН МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-
Хүний эрхийн комиссын гишүүн Г.Нарантуяа: Монгол Улс 2010 оноос цахимжиж эхэлсэн. Цахим технологи улсын хөгжилд чухал нөлөөтэй боловч хүний эрхийн маш өндөр эрсдэлтэй байна. Энэ эрсдэлээс хамгаалах эрхзүйн бодлого, институцийн орчин бүрдээгүй эхлэл төдий байна гэсэн ерөнхий дүгнэлт хийж байгаа.
Энд тусгай асуудлууд болох камержуулалт нь аюулгүй байдал талаасаа олон нийтийн хэв журмыг сахиулах чухал үүрэгтэй боловч энд хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах, хүнийг мөрдөн мөшгих эрсдэлтэй. Цахим гавыг анх удаа хууль сахиулах ажиллагаанд нэвтрүүлж, зорчих эрхийг хязгаарласан нь эрүүгийн эрхзүйд шинэчлэл болсон боловч цахим технологийг ял эдлүүлэхэд ашиглаж эхэлсэн нь хүний эрхийн эрсдэл гарч болохоор байна.
-МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХИЙМЭЛ ОЮУНЫ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙГАА-
Хиймэл оюуны асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж байгаа. Энэ стратегид хиймэл оюун хүний эрхэд ямар эрсдэл учруулж болох юм, дэлхий улс орнуудад ямар ноцтой зөрчил гарч байна гэдгийг харьцуулж судлаад бодлогод тусгах саналуудыг тусгасан. Цахим хуваагдал бодитой байна. Цахим технологийн хэрэглээ өндөр болсон боловч хөдөө орон нутгийн иргэд, орлого багатай иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим хуваагдалд өртөх эрсдэлтэй байна гэж үзээд иргэдийн цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны үр шимээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛД БИЗНЕС ХАМГИЙН ҮР АШИГТАЙ БИЗНЕС МОДЕЛЬ БОЛЖ ХӨГЖИЖ БАЙНА-
Цахим технологи байнга хүний хувийн мэдээллийг цуглуулж байдаг. Үүн дээр үндэслээд хүний амьдралыг бүхэлд нь бүртгэлжүүлэх ийм боломж бололцоотой байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах боломж бололцоо хомс, халдашгүй чөлөөтэй байх эрх хангагдахгүйгээр чөлөөт сэтгэлгээ, чөлөөт орон зай, ардчилсан орон зай хумигдах эрсдэлтэй байна. Өнөөдөр дэлхий дээр хүний хувийн мэдээлэлд үндэслэсэн бизнес хамгийн үр ашигтай бизнес модель болж хөгжиж байна. Тэгэхээр Монгол Улс энэ нөхцөл байдалд бэлэн үү. Яаж хүнд ээлтэй, хүний эрхийн зарчимд нийцсэн цахимжилтийг бий болгох вэ гэдэг үндсэн дүгнэлтийг хийж байна.