Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын өмнөөс хачин асуулт асуулаа" гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогтын өмнөөс хачин асуулт асуулаа" гэв

УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн /2025.04.25/ үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсролд, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ерөнхий сайдын мэдээлэлд “Баялгийн сангийн орлого жил бүр нэмэгдэж 2030 он гэхэд нийт хөрөнгө 3 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл байна” гэсэн байна. Төсвийн тэнцэлжүүлсэн орлого нэмэлттэй буюу ашигтай гарч байж Сангийн орлого нэмэгдэнэ. Гэтэл өнөөдрийн байдлыг өмнөх оны эхний улирлын байдалтай харьцуулахад манай төсвийн тэнцэлжүүлсэн орлого 350 тэрбумын хасахтай гарч байна. Хэд дахин буурсан нь харагдаж байна. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох нүүрс нь юу болсон явж байгааг бид сайн мэдэж байгаа. Нүүрсний экспорт гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 883 сая доллараар буюу 42  хувиар буурсан. Нүүрсийг 129, 105 доллараар зарж байж ашигтай байна. Тэгэж байж ашгаасаа эдгээр сангууддаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн.  Үүнийг алтаар нөхнө гэж буй ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад алтны орлого 47 сая доллараар буурсан явж байна. Бүх зүйл хасах үзүүлэлттэй байна. Нийт орлого 1.2 их наяд буюу 16 хувиар буурсан. Ирээдүй гэдэг нэрийн дор баялаг гэдэг гоё зүйлийг яриад байна. Гэтэл өнөөдрийн бодит амьдрал ямар байна. Та үүнд санаа зовж байна. Баялаг гэж ярихааса илүү өнөөдөр ард түмний амьдралыг яая гэж бодож байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа вэ. 2030 он гэхэд Баялгийн сан 3 их наядын хөрөнгөтэй болох уу. Та зургаан жил төрд өндөр албан тушаал хашлаа. Таван жилд нь Ерөнхий сайдаар ажилласан. Хэт вакумжаад амьдралаас тасарсан юм биш үү. Иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж байна уу. 145 мянган төгрөгийг тараагаад бүгдэнг нь хөрөнгө эзэмшигч болчихсон. 3 сая төгрөг хөрөнгө эзэмшиж байна гээд статистикт оруулсан байна” гэж асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний асуултад хариулахдаа “Баярцогт даргын асуултад хариулъяа. Улс төржиж байгаа учир би улстөржиж хариулна. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болсон байна. Эрдэнэтийн 49 хувь, саяын яригдаад буй стратегийн ордтой холбоотой асуудлууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Стратегийн ордуудын материалаас өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа нөхдүүдэд чинь хандаж хэлэхэд, “Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгосон чинь удахгүй ил болно. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай за юу" гэсэн юм.