УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Женкогийн Засгийн" газар нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна" гэж мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг нь гол албан тушаалд тавьсан байна гэж мэдээлсэн юм.
-МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК -Д 4.5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЯЛЛАХ ДҮГНЭЛТТЭЙГЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН Ч ХААЖЭЭ-
Түүний хэлж буй ортой. Учир нь Х.Баттулгын “гарын хүмүүс” гэгддэг Б.Саруулыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар, Н.Нүрзэдийг Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хяналт хариуцсан менежерээр, Н.Пунцагийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д хяналтын менежерээр, Х.Эрдэнэбаатарыг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар тус, тус томилсон. Мөн түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг Зам тээврийн яамны "Бодлого төлөвлөлтийн алба"-ны даргаар томилж магадгүй байгаа. Х.Баттулга нь энэ мэт төрийн өмчит компаниудад өөрийн хүмүүсийг шургуулж буй.
Цаашлаад “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-т хэрэгжүүлж буй гангийн үйлдвэрлэлийн төслийн менежерээр Х.Баттулгатай нэр холбогдож явсан До.Ганболдыг томилсон байна.
“Эрдэнэс Монгол” компани дороо “Эрдэнэс үйлдвэрлэл, Технологийн Парк” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ дотроо 6 төслийн нэгжтэй тэдгээрийн нэг гангийн үйлдвэрийн менежерээр нь ийнхүү түүнийг томилжээ. До.Ганболдын тухайд 2015-2017 оны хугацаанд “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байсан.Түүнийг тус компанийн захирлаар ажиллаж байхдаа гаднын аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн, зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт сэжиглэн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж, шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэх мэдээлэл ч бий. Улмаар эдгээр хэргийн улмаас “Монголросцветмет”-д 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг зарим хэвлэлд бичиж байжээ.
АТГ-аас яллах саналтайгаар түүний хэргийг прокурорт шилжүүлэхтэй зэрэгцэн тэрбээр Канад руу явсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сард хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэргийг хааж байсан юм.Өөрөөр хэлбэл, тав орчим жилийн хугацаанд түүний хэргийг прокурорт хав дарж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасан уу гэх хардлага байдаг.
Тухайн үед, түүнийг БНХАУ-ын “Пэнгфэй”, “Сентурия Монгу”, “Нью Сиян”, “Саян Майнинг” компанитай гэрээ байгуулж, төмрийн хүдрийг худалдаж авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэмээж байсан. Тодруулбал, До.Ганболд нь 2016 оны хоёрдугаар сард “Нью Сиян” компанитай 200 мянган тонн хүдрийг тонн тутмын үнийг бууруулан, нэг тонн төмрийн хүдрийг долоон ам.доллароор нийлүүлэх гэрээ байгуулсан талаар дээр дурдсан. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө эхнэр М.Бэрцэцэгийнхээ ХААН банкны дансанд “Пэнгфэй” компаниас 2016 оны гуравдугаар сард 64200 юань, дөрөвдүгээр сард 12800, 16000, нийт 93000 юань авсан. Мөн эхнэрийнхээ төрсөн дүү М.Болдын Голомт банкны дансанд 2017 оны наймдугаар сард 29925 ам.доллар авсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байлаа.
Хамгийн хачирхалтай нь түүний хэргийг шалгаж эхлэхээс дуусах хүртэлх хугацаа буюу 2017-201 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан. Тийм ч учраас өөрийн танил До.Ганболдын хэргийг прокурор дээр гацаасан байх магадлалтай гэх мэдээлэл байдаг.
-ДО.ГАНБОЛД НЬ УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД БАГТСАН "БАРТЕРААР НАЙМАА ХИЙЖ БОЛОХ ЗААЛТ"-ЫГ БАТЛАГДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно гэж тооцож буй. Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч 10.3 дахь “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэж болно” гэсэн заалтаас болж УИХ-ын босгыг давж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, намын бүлгүүд эсэргүүцсэнээр Засгийн газраас эргүүлэн татсан. Учир нь тус заалтаар нүүрс болон бусад зүйлсээр бартер хийж болох нөхцөл бүрдэхээр байсан юм. Энэ заалтыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, засч сайжруулан УИХ-д дахин өргөн барих эсэх шийдвэрийг гаргана. Яг энэ заалтыг гангийн үйлдвэрийн төсөл дээр ашиглахаар бүр тодруулбал төмрийн хүдрээр бартер хийхээр хүлээж байсан байж болзошгүй гэх мэдээлэл ч байна. Үүнд дээрх хүн ч холбоотой байж болзошгүй аж.