Монгол Солонгосын харилцаа 2000 жилийн өмнөөс эхтэйг эзэн Чингис  хааны үндэсний музейн үзмэрүүд нотолдог гэв

Монгол Солонгосын харилцаа 2000 жилийн өмнөөс эхтэйг эзэн Чингис хааны үндэсний музейн үзмэрүүд нотолдог гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын угтаж, Чингис хааны музейд зочиллоо.

Тэрээр Монголын эртний төрт улсын танхим дахь Хүннү, Сяньби, Жужаны хаант улс болон Хамаг Монгол, Их Монголын хаант улсын үеийн түүхэн дурсгалт үнэт олдворууд, он цагийг гэрчлэх үзмэрүүдтэй танилцаж, алтан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол-Солонгос хоёр улсын түүхэн харилцаа 2000 жилийн өмнөөс эхтэй хэмээн түүхэн эх сурвалжууд нотолдог болохыг тус музейн захирал, академич С.Чулуун зочдод тайлбарлаж, түүхийн үнэт олдворууд, соёлын мэдээллийг нээлттэй өгсөн юм. Музейн Их хааны өргөөнд Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж буй эзэн Чингис хааны 7 метрийн өндөр, алтан хөшөөг үзэж сонирхсон анхны гадаад зочин болж байгаадаа Ү Вон Шиг дарга ихэд билэгшээсэн бөгөөд Тогоонтөмөр хааны үеэс худ ургийн барилдлагатай хоёр улсын дипломат харилцаа соёлын чиглэлд улам бэхжиж, ирэх гурван жилд КОЙКА-гийн санхүүжилтээр орчин үеийн, хүртээмжтэй музейн технологийн төслийг хэрэгжүүлэхээр болсныг танилцуулж байлаа. Түүхийн хувьд хоёр улсын соёл нэлээд ижил төстэй зүйл ихтэй явж ирснийг БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга онцлон тэмдэглэсэн. Албан ёсны айлчлал үргэлжилж байна.