БНХАУ-д халдварын байдал тогтворжиж, цэцэрлэг сургуулиуд нээгдэх гэж байна

БНХАУ-д халдварын байдал тогтворжиж, цэцэрлэг сургуулиуд нээгдэх гэж байна

БНХАУ-д вирусийн халдвар буурч байгаатай холбогдуулан Шиньжян Уйгарын Өөртөө Засах орны цэцэрлэг, сургуулиуд энэ сарын 23-наас эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн удирдлагууд буцаж ирсэн оюутнуудад зориулсан жижиг ангиуд зохион байгуулж, бүх цугларалтыг түр зогсоож, халдварын эрсдлийг бууруулах зорилгоор удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд оюутнуудад үнэгүй маск тарааж өгөхөөр болжээ.

Энэ жил төгсөх 510 мянга орчим оюутан гуравдугаар сарын 16-ны өдөр Шиньжянд буцаж ирэх тооцоо гарсан гэж бүс нутгийн боловсролын товчоо мэдээлсэн байна.

Мөн БНХАУ-ын эмч сувилагчид амны хаалтаа аван инээмсэглэж буй бичлэгээ нийтэлжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт хамгийн сүүлийн түр эмнэлгээ хааснаа тэмдэглэж энэхүү бичлэгээ хийсэн бөгөөд нийгмийн сүлжээнд тэднийг "Инээмсэглэж буй баатрууд" хэмээн  нэрлэсэн байна. Ухань хотод түр хугацаанд ажиллах нийт 16 эмнэлэг нээж, 13 мянган хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд БНХАУ-д коронавирусийн тархалт буурсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт бүгдийг нь хаажээ.

Тус хотод богино хугацаанд олон хүн эмчлэхийн тулд үзэсгэлэнгийн болон спортын төвүүдийг түр эмнэлэг болгон ашиглаж, иргэдээ тусгаарлан эмчилж байв. Эмнэлгийн ажилчид коронавирусийн халдвар авсан мянга мянган өвчтөнийг эмчлэхийн тулд гэртээ харилгүй амралтгүй ажиллаж, үсээ хусан, өөрсдөдөө зарцуулах цагаа хэмнэхийн тулд живх хүртэл зүүцгээсэн юм.

Тус улсад нийт халдвар авсан 80824 тохиолдол, 3189 хүн нас барсан ба 65 мянган хүн эдгэсэн байна. Халдварын голомтод ажиллаж байсан олон мянган эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан байна.

Хөл хорионы хатуу чанга дэглэм тогтоосноор халдварын дэгдэлтийг бууруулсан тус улс халдвар ихээр дэгдээд байгаа нутаг дэвсгэрүүддээ хорионы арга хэмжээгээ сулруулсаар байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 14 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас баржээ.

Түүний зэрэгцээ АНУ болон Хятад улсын хооронд коронавирусийн тархалтын улмаас маргаан дэгдлээ. Хятадын Гадаад хэргийн сайд "АНУ-ын цэргийн арми анх Ухань хотод халдвар тараасан" хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн департаментаас БНХАУ-ын элчин сайдыг дуудан уулзсан байна.

Төрийн департамент "БНХАУ-д халдвар өнгөрсөн нэгдүгээр сард Уханийн захаас гарсан. БНХАУ халдвар дэгдээснийхээ төлөө хариуцлага хүлээхээс зугтаж байна" гэжээ.  Зэрлэг байгальд хамт байдаггүй амьтдыг нэг дор торонд хийн хүнсний захад худалдаалж байсан нь вирус тархах шалтгаан болсон хэмээн БНХАУ-ын мэргэжилтнүүд дүгнэж байсан юм.