Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ыг зорихоос өмнө "Эгийн голын УЦС"-ын асуудлыг цэгцлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ү Вон Шигт бараалхаагүй аж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ыг зорихоос өмнө "Эгийн голын УЦС"-ын асуудлыг цэгцлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ү Вон Шигт бараалхаагүй аж

Энэ сарын 26-30-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд өнөөдрийн БНСУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн ойрын түнш орон юм.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ү ВОН ШИГ НАРЫН УУЛЗАЛТЫГ МЯГМАР ГАРАГТ ТОВЛОСОН БАЙЖЭЭ-

Цаашлаад БНСУ нь Монгол Улсын гадаад худалдаанд гуравт, гадаадын хөрөнгө оруулалтад дөрөвт эрэмбэлэгддэг орон ба өнөөдөр тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын тоо даруй 51 мянгад хүрээд байна. Энэ утгаараа БНСУ нь Монгол Улсын сайн түнш. Тийм ч учраас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн айлчлал олон хүний анхаарлыг татсан. Айлчлалын үеэр буюу энэ сарын 28-ны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй албан ёсны уулзалт хийж парламент хоорондын харилцааг ахиулах, БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр санал солилцсон. Цаашлаад Ү Вон Шиг нь энэ өдрөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан. 

Дипломат харилцаанд заасны дагуу төрийн өндөр дээд албан тушаалтны айлчлалын үеэр албан ёсны уулзалт, бараалхалт болдог. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхана гэсэн хүлээлт байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзсангүй. Яагаад уулзсангүй вэ, юу болов гэдэг талаар мэдээлэл авахад дээрх айлчлалын үеэр Ерөнхий сайд хойд бүсийн чуулганы хуралдааныг дуусгаад Эгийн голын усан цахилгааны станц баригдах газарт ажилласан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын Тамгын газраас тэдний уулзалтыг энэ сарын 29-ний мягмар гарагт товлоод байсан ч Ерөнхий сайдын орон нутгийн томилолттой холбоотойгоор ийнхүү цуцлагджээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛЫНХАА ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАНА-

Ерөнхий сайд нь  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхахаас илүүтэйгээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажлыг чухалд эрэмбэлэсэн нь мөн учиртай аж. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн дундуур ОХУ-д айлчилж Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцож, тус улсын Ерөнхийлөгч В.Путинд мэнд хүргэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд баярын арга хэмжээнд оролцохоос гадна Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэх аж. Манай талаас тус уулзалтаар ахиц гаргаж, төслийг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа бол айлын ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тиймээс Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаас өмнө тус усан цахилгаан станцыг барих газрын асуудлыг тодорхой болгож, мэдээллийг нэгтгэн Ерөнхийлөгчид өгч явуулах учраас тэрбээр орон нутагт ажиллаж, Ү Вон Шигт бараалхаж чадаагүй аж.

Эгийн голын усан цахилгаан станцыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд барина. Ингэхэд нэг багийн газар нутаг бүхэлдээ хамрагдаж байгаа учраас сая Ерөнхий сайдтай 45 орчим хүн уулзаж, багийн төвийг нь өөр газарт шинээр барьж өгөх хүсэлтийг тавьжээ.  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас  Эгийн голын усан цахилгаан станцын  төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байдаг.

Цаашлаад хамтарсан ажлын хэсгийг байгуулж, Монголын талаас долоон хүний бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Энэ дагуу 2026 оны эхний хагаст Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргах юм. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлээд байна. Харин одоо ОХУ-ын юу гэж ярихыг хүлээж байгаа юм. ОХУ нь манай улсыг Эрчим хүч, шатахууны хувьд хараат байлгах өндөр сонирхолтой бөгөөд Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацааж, Эрдэнэбүрэнг эсэргүүцэж ирсэн.