Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.04.25/-т УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг улс төржлөө хэмээж, "Залуу хүн байж хүний өмнөөс хачин юм ярилаа" зэргээр бухимдаж асуултад нь хариулаагүй юм.
ВИДЕО:
Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэг чуулганаас гурав хоногийн завсарлага авсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодрууллаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өчигдөр бүлэг хуралдаад тодорхой шийдвэр гаргасан. Дөрөв дэх, тав дахь өдрийн нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд оролцохгүй. Оролцохгүй гэдэг нь ирцээ өгөөд, ажлын байран дээрээ байна. Бүлгийн гишүүд хорь гаруй гишүүн бүлгийн даргын өрөөнд асуудлаа, нөхцөл байдлаа, ажиллаж байгаа хуулийн төслөө, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр хэлэлцээд байж байна. УИХ-ын тухай хуулиар УИХ дахь намын бүлэг завсарлага авах эрхтэй. Бид завсарлага авахдаа Ардчилсан намын гишүүд бүгд ирцээ бүртгүүлээд, ажлын байран дээр байцгааж байна. Бид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд завсарлага авсан. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг гацаах зорилгогүй. Бид ирц бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагаа явагдах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа" гэлээ.