УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүү Д.Ганмаа, "Бид эрүүл мэндийн салбарт хяналтаа тавих их чухал байтал өнөөдөр ихэнх гишүүд маань буцаад гараад явчихлаа. Их харамсалтай санагдаж байна. Иргэний эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг хэзээнээс ярьж эхлэх вэ. Ярихаар зөвхөн мөнгө яриад байдаг нь учир дутагдалтай байна. Нэгдүгээрт, сангийн тэнцэл алдагдаад байгаа, сангаа зөв удирдаж чадахгүй байгаа хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Сангийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолыг батлаад шийдвэр гаргаад байгаа эдгээр хувь хүмүүс байгууллага ямар хариуцлага хүлээх юм. Тооцоо судалгаа нь буруу гараад байгаа асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын санг удирдах чадавх нь байгаа юу. Энэ агентлагийг 2021 онд байгуулад хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж төр дэмжсэн. Гэтэл нөхцөл байдал нь ийм болоод байгаад хэнд хариуцлагыг тооцох юм бэ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь хүн амын өвчлөлийн нөхцөл байдал, сангийн эх үүсвэртэй хэрхэн уялдаж байгаа, бодлогын түвшинд сангийн чадавхыг нэмэгдүүлэх, үр ашигтай байх талаар ямар бодлого барьж ажиллаад байгаа юм бэ" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “2021 оноос гүйцэтгэлийн санхүүжилт буюу нэг эх үүсвэрийн санхүүжилт рүү орсон. Сангийн тэнцэл алдагдсан асуудал 2021 оноос эхлэлтэй. Ковидын үеийн тусламж үйлчилгээнд маш их санхүүжилт зарцуулсан. 2021 онд 250 орчим төгрөгийн илүү санхүүжилт даатгалын сангаас гаргасан. Үүний дийлэнх нь ковидын эмчилгээнд зарцуулагдсан. 2022 онд энэ санхүүжилтээ санд эргүүлж төвлөрүүлээгүй. Дахин энэ алдагдал нэмэгдсэн. Ковидын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн сангаас дахин санхүүжүүлсэн. Уг нь халдварт өвчний дэгдэлтийн үед улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой. Гэтэл үүнийг эрүүл эмндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн. 2023 онд ч засалгүйгээр үргэлжилсэн. Ингээд өнгөрсөн оны эцэс хүртэл Эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн байгууллагуудад өртэйгөөр ажилласан гэсэн үг. Үүнийг 100 хувь шийдэж, энэ оны төсвийг 320 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн. Ингээд Эрүүл мэндийн байгуулалгуудад үүссэн байсан өрийг бид өнгөрсөн жил 320 тэрбум төгрөгөөр буулгасан" гэлээ.
ВИДЕО: