УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас, УИХ-аас уучлалт гуйхыг шаардаж чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд саналаа өгөхгүй байгаа.
Тэгвэл өнөөдөр уг асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөр тайлбар өгчээ. Тэрээр "АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл өгнө. Миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Хуулийн хүрээнд бүх ажил явах ёстой. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотно нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Намрын ажлууд хүлээгдэж байна. Наанадаж ноолуурын экспортоо яах юм бэ. Энэ төлөвлөсөн ажлууд явах ёстой. Тэрнээс биш нэг асуудлыг нэг долоо хоног, хоёр долоо хоногийн хэрүүл болгоод явах ямар ч утга учир байхгүй. УИХ-ын гишүүд янз бүрийн л асуудал ярьдаг. Сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг эргээд харвал УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Нэгнийгээ хулгайч, алуурчингаар нь дууддаг. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг учраас тэр хүрээндээ асуудал шийдэгддэг. Хоёрдугаарт, мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол ойлголцоод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь ажил урагшлах нь чухал байна" гэжээ.