ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаагаас “уучлалт” гуйсан биш “ойлголцсон” гэж нийгэмд мэдээлэл өгөхийг хүсчээ

ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаагаас “уучлалт” гуйсан биш “ойлголцсон” гэж нийгэмд мэдээлэл өгөхийг хүсчээ

Дөрөвдүгээр сарын 25-ны /2025.04.25/ өдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Баярцогтын асуултад хариулъя” хэмээн доромжилж, “мань хүн” хэмээн үл хүндэтгэж харьцсан хэрэг явдал гарсан. 

Иймд УИХ дахь АН-ын бүлгээс "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний /2025.05.01/ өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Ж.Баярмаа гишүүнээс болоод УИХ-аас амаар уучлал гуйх"-ыг шаардаж улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан юм. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг "ажил хаясан" мэтээр нийгэмд ойлгуулах ухуулга, сурталчилгаа явагдаж, мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмааг гутаан доромжлох, гүтгэх мэдээлэл ч цахим орчин зохион байгуулалттай явагдсан гэж болно. 

Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2025.05.06/ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйж, Ардчилсан намын бүлэг завсарлагаа зогсоосон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "уучлалт гуйх" хүртэлх үйл явдал улс төрийн хөшигний цаана хэрхэн өрнөсөн талаарх мэдээллийг олон талын эх сурвалжуудаас тодруулан, дараах мэдээллийг бид бэлтгэлээ.

-УУЧЛАЛ ГУЙХ, ОЙЛГОЛЦОХ ХОЁЫН ДУНД АСАР ХОЛ ЗАЙ БИЙ-

Тодруулбал,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрөгч пүрэв, баасан гараг /2025.05.01,02/-т УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай уулзах хүсэлтийг бусдаар дамжуулан тавьсан байна. Харин баасан гараг /2025.05.02/-т УИХ дахь АН-ын бүлэг албан бусаар хуралдаж, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр АН-аас хамтарсан Засгийн газарт албан тушаал хашиж буй нэр бүхий сайд, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар ойлголцсон" гэж иргэдэд мэдээлэл хийе гэсэн саналыг гаргасан ч, АН-ын бүлгийн зарим гишүүд "уучлал гуйх, ойлголцох хоёрын дунд хол зөрүү бий" гээд нэр бүхий сайдын саналыг эсэргүүцсэн байна. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай уулзах саналыг ажил, амралтын өдөр гэлтгүй удаа дараа тавьсан тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан байна. Тэдний уулзалтад УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн оролцоо их байсан аж. 

Ингээд өчигдөр /2025.05.05/ болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаад хандан, "Таниас уучлалт гуйж байна" гэсэн байна. Мөн "Би уучлалт гуйхад бэлэн байсан ч манай нам /МАН/-ын зарим гишүүд уучлалт гуйж болохгүй. Ж.Баярмаа гишүүнтэй ойлголцсон гэсэн мэдээллийг нийгэмд өгөе гээд ..." гэсэн утгатай зүйлийг ярьжээ. Улмаар тэдний яриа улсын төсөв зэрэг сэдвээр үргэлжилсэн бөгөөд төсгөлд нь уучлалт гуйсан биш "ойлголцсон" гэсэн утгаар олон нийтэд мэдээлэл өгөхийг хүссэн байж болзошгүй байна. 

-"ОЙЛГОЛЦСОН" ГЭХ АГУУЛГААР НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ МАН БОЛОН АН-ЫН НЭГ САЙД ШААРДАЖ БАЙЖЭЭ-

Гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өчигдөр /2025.05.05/ хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Ойлголцсон” бус “Ерөнхий сайд уучлалт гуйсан” гэдгийг нь үнэнээр нь мэдээлжээ. Учир нь “ойлголцсон”, “уучлалт гуйсан” хоёрын дунд хол зөрүү бий. Уг уулзалтад АН, МАН-ын хэд, хэдэн гишүүн байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.  Хамгийн хачирхалтай, АН-аас хамтарсан Засгийн газарт сайдын албан тушаал хашиж буй нэр бүхий эрхэм УИХ-ын гишүүн Ж.Баярмааг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй "ойлголцсон" гэх мэдээллийг өгчих гээд МАН-тай яг ижил агуулгаар ятгаж байжээ.