Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгууд буюу Архангай, Завхан чиглэлд нойтон цас их хэмжээгээр орж зам даваа хаагдаж, иргэд цасанд боогдсон тохиолдол ихээр гарчээ. Иймд учирч буй эрсдлийг бууруулах чиглэлээр иргэн, хуулийн этгээд, ААНБ бүрийн оролцоо чухал байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө суманд хоёр түймэр асч байна. Онцгой байдлын алба хаагчид иргэд, ААН-дтэй хамтарч унтраахаар ажиллаж байна. Цахим орчинд түймрийг унтраахгүй, нуун дарагдуулж байна гэх ташаа мэдээлэл мэр сэр гарсан. Ийм зүйл байхгүй, үүргээ шуурхай биелүүлж байна хэмээн УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Он гарсаар эхний 5 сарын байдлаар обьектын гал түймрийн 1589 тохиолдол бүртгэгдэж, 7 иргэн нас баржээ. Гал түймрийн голомтоос онцгой байдлын байгууллага мөн 7 иргэний амь насыг аварч, утаажилтын бүсээс 961 иргэнийг гаргасан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм төрлийн ахуйн түймэр 40 хувиар өсчээ.
Ой хээрийн түймэр он гарсаар 12 аймгийн 57 суманд 84 удаагийн тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь мөн өнгөрсөн оны мөн үеэс 35,7 хувиар өссөн үзүүлэлт юм. Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хээрийн түймэр гарсан ч унтраасан. Түшиг, Ерөө сумын түймрийг унтраах ажиллагаа явагдаж байна. Минжийн хангайн түймрийн зүүн талыг бүрээн унтраасан бол баруун хэсгийг хязгаарлаж, цурманд оруулсан. Энэ хэсэгт 2017,2018,2022,2023 онуудад түймэр гарч байсан. Унанги ихтэй, ажиллагааны хувьд бартаа саад ихтэй, автомашин очих боломжгүй нөхцөл байдалтай учраас түймэр унтраах ажиллагаа удаашралтай байна. Тархалтыг хумьсан. Түшиг сумын түймэр 25,6 км газарт тархаж асч байгаа. Салхины чиглэл буюу түймрийн зүүн болон урд талаас /тархалтын бүс/ гол хүчээ төвлөрүүлж ажиллаж байна" гэв.