Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс тодруулга авлаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Япон, Солонгос зэрэг улсуудад ёсзүйн хариуцлага өндөр байдаг гэж Ерөнхий сайд маань хэлж байсан. Хэрвээ асуудал үүсвэл олон нийт шаардлага тавих нь зүйн хэрэг гэж ярьж байсан. Тийм нөхцөл байдал үүсч байна. Тэгэхээр Ерөнхий сайд үүн дээр тодорхой мэдээлэл өгөх нь зөв байх. Нийгмийн сүлжээгээр ил болсон учраас тодорхойгүй байдлаар удаан явах нь зохимжгүй байх гэж бодож байна. Ямар учир шалтгаантай юм гэдгийг шалгадаг байгууллага хурдан шалгах байх.
-ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ҮНЭН ЗӨВ БӨГЛӨСӨН ЭСЭХИЙГ БУЦААЖ ШАЛГАДАГГҮЙ ЮМ ШИГ САНАГДСАН-
Нэгдүгээрт хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа бөглөдөг юм шиг санагдсан. УИХ-ын зарим гишүүдийн хувьд хамгийн их хөрөнгөтэй хэрнээ хамгийн ядуу юм шиг харагддаг. Тэрийг нь буцааж шалгадаггүй юм шиг санагддаг. Төрийн өндөр албан тушаалтнууд бол боловсон шоронд байгаа хүмүүс. Ямар нэгэн илүү орлого олж болохгүй, давхар үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэдэг. Эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, нэмэлт орлоготой болох боломж байхгүй. Нэг талаас энэ нь хатуу юм шиг боловч ах дүү амраг саднаараа дамжуулж хулгай хийдэг асуудал гарч байсан учраас чангалсан байх. Үүнийхээ хэрэгжилтийг сайн шахах зайлшгүй хэрэгцээ байгаа. Тансаг хэрэглээний хувьд зовж олсон хүн мөнгийг хамаагүй үрдэггүй. Зайлшгүй хэрэгцээтэй зүйлдээ л мөнгөө зарцуулдаг. Хялбархан олсон мөнгөөр үнэтэй зүйлүүд авдаг.
-ТӨСВИЙН БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДААС УЛСТӨРИЙН ТОДОРХОЙ БҮЛЭГЛЭЛҮҮД МӨНГӨ АВЧ ТРОЛЛ АРМИ, ТӨЛБӨРТЭЙ ЖАГСАГЧДЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ-
Бидний хувьд хууль тогтоох үүрэгтэй. УИХ дээр Ёсзүйн байнгын хороо гэж байдаг. Тэнд асуудлууд яригддаг байх. Иймэрхүү өндөр дээд албан тушаалтантай холбоотой хүний асуудлыг хурдан тодорхой болгосон нь дээр байх. Асар олон эх үүсвэрүүдийг зайлшгүй шалгах шаардлагатай байна. Тролл арми гэдэг ч юм уу, жагсаал цуглаан үймүүлдэг төлбөртэй жагсагчид гэдэг ч юм уу энэ хүмүүст зориулж байгаа мөнгө хаанаас гарч байна. Надад бол хар байгаа. Энэ бол төсвийн болон төрийн өмчит компаниудаас улстөрийн тодорхой бүлэглэлүүд нэр нөлөөгөө ашиглаж эх үүсвэрээ гаргадаг.
Мэргэжлийн хүний хувьд би төсвийн асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Нэг нь төсөв, нөгөө нь төмөр замын хил холболтын асуудал байсан. Одоо ч гэсэн шаардлагатай бол асуудал тавина. Манай гэрт ямар ч гэсэн хулгайч орсон. Гэхдээ манайхаас юу ч аваагүй. Хүчний байгууллагаас мэдээлэл авдаг сувгууд байх шиг байна. Үүнийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаа одоо ч шалгаж байгаа.