Хуваарийн ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2025.05.19/ 10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.
Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүү О.Тэнүүнийхээ хэт тансаг хэрэглээний асуудлаар тайлбар хийх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас эхлээд олон гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тайлбар хийхийг, орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Тэгэхээр бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмнөх долоо хоногуудын адилаар оролцох, нийгмийн бухимдлыг үүсгээд буй асуудлаар тайлбар хийж, улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж ярьж магадгүй гэсэн хүлээлт байна.