МАН-ын анхан шатны үүрийн дарга нарыг тус бүрдээ 20-н хүн олж, төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулахыг үүрэгджээ

МАН-ын анхан шатны үүрийн дарга нарыг тус бүрдээ 20-н хүн олж, төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулахыг үүрэгджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох, огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө төв талбайд үргэлжилнэ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, орлогоо нотлох, хуулийн хүрээнд шалгуулахыг шаардаж байгаа билээ. 

Төв талбайд цуглаж буй иргэдийн дийлэнхийг залуус эзэлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд ч Засгийн газрыг огцруулах шаардлагыг явуулж буй. Тухайлбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналд өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу,  Ж.Золжаргал нар гарын үсгээ зурж, Ш.Бямбасүрэн гарын үсгээ зурахаа мэдэгдээд байна.  

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын анхан шатны үүрүүдээс Засгийн газрын эсрэг үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр нээлттэй илэрхийлсэн гишүүд рүүгээ холбогдож, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй анхан шатны үүрийн дарга нарыг нэг хүн багадаа 20-н хүн олж, төв талбайд сөрөг жагсаал хийхийг үүрэгджээ. Улмаар уг сөрөг жагсаалыг 1-2 хоногоор хойшлуулаад байгаа бөгөөд төв талбайд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн үзэл бодлыг зөрж, жагсаалын хүчийг сулруулахаар төлөвлөж байж магадгүй байна.