Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд хамтарсан намуудаа золионд гаргаж өөрөө босоогоороо үлдэх гэж байна

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд хамтарсан намуудаа золионд гаргаж өөрөө босоогоороо үлдэх гэж байна

АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр /2025.05.19/ хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Мөн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улс төрийн асуудлыг хаалттай хэлэлцэж, Хамтарсан засгийн газраас АН, ХҮН-ийг гаргах асуудлыг ярьсан гэх яриа ч бий.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудастаа: За Засгаас толгой эргүүлдэг ажлаа эхэлжээ. Үнэн нь гэвэл, өнөөдөр МАН-ын бүлгийн хурал дээр нэр бүхий гишүүн “10 жилийн өмнө таны тэмцэе гээд байсан МАНАН чинь одоо таны гараар бүр МАНХАН болж замарлаа. Үндсэн хуулийн бус Засгийн газар цаашид явах аргагүй” гэхэд Ерөнхий сайд “Би тантай санал нэг байна аа. Би яахад ч бэлэн!” гэж хэлсэн юм байна. Яг энэ үгээрээ болсон харилцан яриа. Энэ нь шууд бусаар нөгөө хоёр намаа Засгаасаа хөөхөд бэлэн гэдгээ хэлсэн гэсэн үг. Харин Ерөнхийлөгч дуудаж уулзахдаа “Өөрөө өргөдлөө өгөөд огцор” гэж хэлсэн нь үнэн байна. Гэтэл одоо хэвлэлээр “Ерөнхийлөгч наад хоёр намаа Засгаас гарга, үгүй бол өөрөө огцор” гэж хэлсэн мэтээр мэдээ бэлдэж шуурхайлан тарааж байгаа юм байна. Тэр мэдээг авч тарааж байгаа манай хэвлэлийнхэн ил хэлэхгүй ч энийг ойлгож байгаа. Товчхондоо, хамтарсан намуудаа золионд гаргаж өөрөө босоогоороо үлдэх гэж үзсэн мөртлөө гадагшаа тэднийгээ хамгаалсан мэтээр тархи угааж байна гэсэн үг. Хоёр намынхан үүнд нь итгээд, хамтарсан Засгаа эцсийн мөч хүртлээ хамгаалж байгаад нь талархаж өөрийг нь тогтоон барина гэж тооцож. Үүнд нь хууртаж болохгүй. Худал хуурмагийн хаан огцор! Яг энэ гаргаж байгаа увайгүй үйлдлээрээ олон нийтийг таван жил төөрөгдүүлж эзэн суулаа. Одоо болсон!