Засгийн газрыг огцруулах процесс эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын улс төрд олон үйл явдал өрнөнө.
-МАН-ЫН БАГА ХУРАЛ 15.00 ЦАГТ ХУРАЛДАНА-
Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдааны дараа буюу 15.00 цагт МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын Улс төрийн товчоо мөн хуралдах юм. Хоёулаа хамтарсан Засгийн газрыг цаашид ажиллуулах эсэхээр шийдвэр гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ганц хүүгийнхээ тансаг хэрэглээний асуудлаас болж огцрохыг хүсэхгүй байгаа. Харин түүний оронд хамтарсан Засгийн газрыг ажиллуулах эсэхийг намын гишүүдээсээ асуучихье хэмээн өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргасан. МАН-ын дүрмэнд намын дарга Бага хурлыг зарлан хуралдуулж болно гэсэн заалт бий. Энэ дагуу тэрбээр Бага хурлаа хуралдуулна. Харин энэ хурлаас ямар шийдвэр гарах нь Засгийн газрын хувь заяаг шийдэх юм. Гэхдээ урдаас шийдвэрийг хайрцаглаж төлөвлөсөн нь нэгэнт тодорхой бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй байх магадлал өндөр байгаа. Уг хурлаар ямар шийдвэр гарч болзошгүй талаарх өмнөх бичвэрийг ЭНД дарж уншина уу.
-УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ ТҮРҮҮЛЖ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ ХЭМЭЭН ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ -
Харин Ардчилсан намын хувьд өчигдөр 16.00 цагт /2025.05.20/-ны өдөр Улс төрийн зөвлөлийн хуралдааныг зарласан ч өнөөдрийн 15.00 цаг хүртэл хойшлуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намын дарга Л.Гантөмөр өөрөө Улс төрийн зөвлөлийн хурлаа зарласан байна. Энэ хурлаас хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан.
Ингээд зарын дагуу гишүүд нь цуглаад хүлээж байсан ч Л.Гантөмөр өөрөө ирэлгүй хүлээлгэж байгаад араас нь "хойшилсон" гэдэг зараа түгээжээ. Тэрбээр намын байрандаа цагдаагийн өндөр хамгаалалт авсан байсан гэх.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй гэж харзнасан учир түрүүлж Засгаас гарахаа зарлахаа хойшлуулж, өнөөдрийн МАН-ын хуралтай зэрэгцүүлжээ.