Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн асан Л.Тэрбишдагва: Монголын ард түмэн 2024 оны сонгуулиар Ардын нам олонх болоод “Та нар засагла”, нөгөө хүчнүүд нь “Буруу зөрүүг нь засаж сайжруул” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бол хувь хүний бодол биш. Би хууль ярьж байна. Германыг би арай дэндүү судалсан. Германд ийм жишиг байхгүй. Германд олонх болоогүй тохиолдолд хамтардаг болохоос олонх болсон тохиолдолд хэзээ ч хамтарч байсан түүх байхгүй. Бид хэрвээ хамтарсан Засгийн газар тарвал сөрөг хүчин ажил хийлгэхгүй юм шиг ярьж байна. Их хуралд сонгогдсон гишүүд “Нам бол Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой болохоос хамтарвал сайн ажиллана. Хамтрахгүй бол ажил хийлгэхгүй” гэж ярьж болохгүй. Хамтрахаар том төслүүд хэрэгжинэ гэж байж болохгүй. Өнөөдөр амаргүй нөхцөл үүсээд байна. Дотор нь ороод бялуу хуваалцсан, өөрсдөдөө зориулж хэдэн зуугаар нь ажлын байр бий болгосон, хэдэн саяар нь цалин авдаг хүмүүс хамтарсан Засгийн газар том төслүүд эхлүүлж чадсан гэж ярих нь тодорхой. Ардын нам том төслүүдийг хөдөлгөж чадахгүй чадваргүй улстөрийн хүчин гэж бодохгүй байна.